НҮБ-ын танхимд тус улсыг одоо "Türkiye" гэж нэрлэхээр болсон бөгөөд тэд Туркийн засгийн газрын хүсэлтийн дагуу лхагва гарагт улсынхаа нэрийг өөрчлөх асуудлыг нь хүлээн авч зөвшөөрсөн байна. Türkiye гэж нэрлэх кампанит ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн юм.
Тус улсын Гадаад хэргийн сайд Чавушоглу мягмар гарагт твиттер хуудсандаа "Улс орныхоо брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд манай Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы удирдлаган дор эхлүүлсэн үйл явц эцэслэгдэх гэж байна" гэж жиргэжээ.
Чавушоглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт хаягласан захидалдаа: "Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар урьд өмнө хэрэглэж байсан Turkey, Turkei, Turquie зэрэг үгсийг орлуулахын тулд "Türkiye" гэх нэрийг цаашид ашиглаж эхэлнэ” хэмээн бичсэн байна.
Turkey гэдэг нэршил нь цацагт хяруул гэсэн үгтэй их андуурагддаг, мөн зарим доромж утгад шилжүүлэн ярих зэрэг асуудал үүсдэг байсан учир ийнхүү өөрчилж буй гэнэ.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик Пүрэв гарагт CNN агентлагт хэлэхдээ, НҮБ энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэд хүсэлтийг хүлээн авч, баримт бичиг хууль ёсны эсэхийг баталгаажуулсан гэдгийг онцлон дурджээ.
Туркийн Харилцаа холбооны захирал Фахреттин Алтун лхагва гарагт твиттер хуудсандаа #HelloTürkiye гэсэн гарчигтай сурталчилгааны видео нийтэлжээ.
Эх сурвалж: CNN News