Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм.
ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа.
Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм.
“Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна. Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг.