“Төсвийн нээлттэй байдал-2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг Нээлттэй Нийгэм Форумаас танилцууллаа.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам судалгааны үр дүнгийн талаар танилцуулах үеэр дурдагдсан онцлох үзүүлэлтүүдийг танилцуулъя.
- Энэ удаагийн судалгаанд манай улс 100 оноо авахаас төсвийн ил тод байдлаар 60, олон нийтийн оролцооны хувьд 13, төсвийн хяналтын түвшнээр 76 оноог тус тус авсан.
- Монгол Улсын төсвийн ил тод байдал өмнөх судалгааны үеэс харьцангуй дээшилж байгаа ч төсөвт иргэдийг оролцуулах байдал нэн хангалтгүй байна.
- Төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, аудит хийх гэсэн бүх үе шатанд иргэдийг оролцуулах хэрэгтэй гэж олон улсын байгууллагаас зөвлөдөг. Тэгтэл төсвийг боловсруулах шатанд болон хэрэгжилтэд Засгийн газар иргэдийг оролцуулахгүй байна. Ийм учраас энэ үзүүлэлт дээр тэг оноо авсан.
- Хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын зүгээс төсвийг батлахад иргэдийг оролцуулах үзүүлэлт хангалтгүй. Аудитын дээд байгууллагаас зүгээс аудитын сэдэвт иргэдийн саналыг авах механизм бүрдүүлсэн.
Мөн төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй орнуудыг Өмнөд Солонгос улс тэргүүлж байгааг тэрбээр дурдсан юм. Тус улс 59 оноо авчээ.
Манай улсын төсвийн нээлттэй байдал харьцангуй дээшилж байна. Энэ чиглэлд тэргүүлэгч хэд хэдэн орон байдаг. Тухайлбал, Шинэ Зеланд, Австрали улсыг нэрлэж болно.
Манай улс төсвийн ил тод байдлаар судалгаанд хамрагдсан 120 орноос 38 дугаарт эрэмбэлэгдсэн. Төсвийн хяналтын хувьд УИХ-ын тухайд төсвийн тайлан, төлөвлөгөөнд хяналт тавих тогтолцоо бий. Энэ үзүүлэлтээр УИХ 72 оноо авсан бол төрийн аудитын байгууллага 83 оноо авсан байна.
"Монгол Улс төсөвт иргэдийн оролцоог сайжруулахад ихээхэн анхаарах шаардлагатай" хэмээн Д.Оюунбадам хэллээ.