Зөрчил илэрсэн Эмээлт орчмын мах боловсруулах үйлдвэрийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эм Ди Си Пи гэх компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт буюу зөвшөөрлөө авсан. Улмаар 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд 2022 оны хоёрдугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ.
Ингэхдээ өөрийн зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан буюу экспортлох махнуудыг бэлдэж эхэлсэн байна. Гэтэл тус компани өөрөө БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй буюу төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн тул тухайн компанийн үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон.
Одоогоор тус компанид холбогдох зөрчлийн хэрэг прокурорын хяналтад явж байгаа. Мөн тус компанид зөрчлийн хэргээс гадна эрүүгийн хэрэг ч үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан нь ХКҮ болон гэх компани 234 тонн орчим буюу үнэлбэл 1.5-1.6 тэрбум төгрөгийн махыг “Манай мах биш манай хаяг шошго, нэрийг Эм Ди Си Пи компани хууль бусаар ашигласан байна” гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа учраас гэмт хэргийн шинжтэй гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа” гэв.
Мөн тэрбээр “Тус компанид дээр илэрсэн бодис нь цардуулаас илэрсэн гэдгийг хэлье. Цардуулыг ер нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Харин тус компанийн хэрэглэсэн цардуул нь 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр хугацаа нь дууссан байсан.
Мөн лабораторийн шинжилгээгээр цардуулын агууламжид олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа бодис 0.845 мл илэрсэн. Түүнээс биш тэр бодис махнаас илрээгүй" гэдгийг нэмж хэллээ.