Манай улс жилд 3,3 сая тонн хог хаягдал гаргадаг. Үүнээс Улаанбаатар хотын хог 1,4 сая тонн хог хаягдал үүсгэж эдгээр хог хаягдлын 80 хувийг нь байгальд хаяж, 20 хувийг нь дахин боловсруулдаг.
Тэгвэл залуучууд Ewalle төсөл хэрэгжүүлж нэг удаагийн цаасан аяга болон хуванцар аяга, сүүний сав, кофены шаар гэх мэт хог хаягдлыг дахин боловсруулж байгальд ээлтэйгээр ашиглаж байна.
Энэ талаар Ewalle төслийн багийн гишүүн Б.Цэлмэг "Энэхүү Ewalle төсөл нь Өнгө нэм, Оймтой хамтраад, кофе шопын нэг удаагийн хаягдлыг аваад, цэцгийн үрслэгээ болгон ашиглаж байна. Төсөл маань 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд, одоогийн байдлаар кофе шопоос нэг удаагийн цаасан, хуванцар аяга авдаг. Кофены шаар их гардаг. Иймд кофены шаарыг мөөг тарьдаг хүмүүст өгч бордоо болгон ашиглаж байна" гэлээ.
"TOM N TOMS" бөхийн өргөө салбарын менежер З.Халиун "Манай салбар нээгдсэнээс хойш хогоо яаж ангилах вэ гэдгийг судалж үзсэн. Энэ төсөл хэрэгжихээс өмнө бид үйлчлүүлэгчдэдээ кофены шаараа өгдөг байсан. Ewalle-д нэгдсэнээс хойш хогоо ангилж сурсан. Ewalle-тэй нэгдээд, манай хог хаягдал маш багассан. Өдөрт дөрвөөс зургаан уут хог гардаг байсан бол одоо нэг л уут хог гарч байна. Хэрэглэгчид эхэндээ ойлгодоггүй байсан. Одоо манай хэрэглэгчид зааврын дагуу хогоо тусад нь ангилж хаяж сурсан. Үйлчлүүлэгчид хогоо ангилаад, ямар гоё юм бэ гэж сайнаар хүлээж авч, дэмжиж буй нь бидэнд ч бас талархмаар санагдаж байна" гэв.