Монголын явган алхалтын холбооны бяцхан гишүүн 7 настай Э.Эрхсэцэн 3 настайгаасаа эхлэн ууланд алхаж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд өвлийн цастай, зуны бороотойд ч нэг ч удаа алхалтаа алгасалгүй амралтын өдөр бүр гэр бүлээрээ ууланд алхдаг байна. Ууланд алхаж эхэлснээс хойш эрүүл чийрэг болж, дархлаа сайжирсан гэдгийг онцоллоо.
20 дугаар сургуулийн 1д ангийн сурагч Э.Эрхсэцэн "Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ алхдаг. Ихэвчлэн ээж, эгчтэйгээ хамт алхдаг. Би одоо маш хүчтэй, сайн алхдаг болсон. Ууланд алхсанаар гарын булчин, бие сайжирна мөн хамар битүүрэхгүй, ханиад хүрэхгүй болно. Ууланд цэвэр агаартай. Зүлэг ногоо, цэцэн зөндөө их ургасан байдаг. Гол гоё дуугараад. Навч ургаад, шувууд жиргэдэг. Том болоод ээж шигээ бас уулчин хүн болохыг хүсдэг. Эгч маань зургаан настайгаасаа эхлээд зургаан жил ууланд алхаж байна. Энэ өвөл Асралт хайрханд хоёр удаа авирч гарсан. Үнэхээр бахархаж, эгчээсээ бас их урам зориг авсан. Хүүхдүүдээ ууланд алхаж байгаарай. Ууланд алхах биед сайн шүү. Хүүхдийн баярын мэнд хүргэе!" гэв.