Хятадын эрх баригчид хоёр сар үргэлжилсэн Ковид-19-ийн хязгаарлалтаа хөнгөвчиллөө. Тус улсын эдийн засгийн төв, дэлхийн худалдааны төв болох Шанхай хот хоёр сар түгжигдсэний дараа Ковид-19-ийн хязгаарлалтыг зөөлрүүлж буйгаа мэдэгдэв.
Орон нутгийн цагаар шөнө дундаас (Мягмар гарагийн 16:00 GMT) 25 сая орчим хүн амтай Шанхай хотын эргэн тойронд чөлөөтэй зорчих боломжтой боллоо. Гэхдээ 650,000 оршин суугч хөл хориондоо үлдэх аж. .
Хятадын "Тэг Ковид" гэсэн ерөнхий бодлого хэвээр байгаа бөгөөд Шанхайн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Инь Синь сэтгүүлчдэд хэлэхдээ, "Энэ бол бидний маш удаан хугацаанд мөрөөдөж байсан өдөр" гэжээ.
Хатуу хөл хорио нь олон оршин суугчдыг орлогоо алдаж, хангалттай хоол хүнс олох гэж тэмцэж, удаан хугацааны тусгаарлалтыг сэтгэл санааны хувьд хүнд даван туулахад хүргэсэн билээ.
Лхагва гарагт нийтийн тээврийн үндсэн үйлчилгээ сэргэж, томоохон дэлгүүрүүд 75%-ийн хүчин чадалтай ажиллаж эхэлсэн ч кино театр, музей, биеийн тамирын заал хаалттай хэвээр байна.
Шанхай хотын 25 сая оршин суугчдын ихэнх нь одоо гэрээсээ гарах эрх чөлөөтэй боллоо.
Гэхдээ баримтлах ёстой шинэ дүрэм бий. Үүнд:
- Бүх оршин суугчид гэрээсээ гарах эсвэл ихэнх газарт барилга байгууламж руу нэвтрэхийн тулд ухаалаг утсан дээрээ эрүүл мэндийн ногоон QR код харуулах шаардлагатай.
- Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, банк, худалдааны төв гэх мэтээр зорчихыг хүссэн бүх оршин суугчид сүүлийн 72 цагийн дотор хүчинтэй PCR-ын шинжилгээний сөрөг гэрчилгээтэй байх шаардлагатай
- Шанхайгаас гарах хязгаарлалт хэвээр байгаа бөгөөд өөр хот руу зорчиж буй оршин суугчид ирэхдээ 7-14 хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдан, тусгаарлагдах ажээ.
Шанхай хот эдийн засгаа сэргээхэд чиглэсэн 50 зүйл бүхий төлөвлөгөө гаргасан бөгөөд уг шинэ арга хэмжээнд автомашин худалдан авагчдад ногдуулдаг зарим татварыг бууруулах, орон нутгийн засгийн газрын бонд гаргах ажлыг хурдасгах, барилгын төслүүдийн зөвшөөрлийг шуурхай авах зэрэг багтжээ.
Эх сурвалж: BBC News