Аврагчид Балбын хойд хэсэгт сүйрсэн онгоцны ослын газраас 21 хүний цогцос олсноо мэдэгдлээ. Жижиг онгоцонд 22 хүн зорчиж явсан байна. Сураггүй болсон нэг зорчигчийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Онгоц 20 минутын нислэг хийж байгаад газардахаас таван минутын өмнө нислэгийн удирдлагатай холбоо тасарчээ. Балбын "Тара Эйр" тээвэрлэгч онгоцны сэгийг Мустанг дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ.
Балбын Иргэний нисэхийн газрын хэвлэлийн төлөөлөгч Део Чандра Лал Карн даваа гарагт ВВС-д “Бид 20 хүний цогцос олсон. Сураггүй байгаа нэг хүний цогцсыг хайж, аврагчид хүнд хэцүү уулархаг газарт эрлийн ажиллагаа явуулж байна” гэж мэдэгджээ.
Цаг агаарын таагүй байдал, уулархаг газар зэргээс шалтгаалан эрэн хайх ажиллагаанд саад учраад байна. Балбын армийн төлөөлөгчийн Твиттер дээр нийтэлсэн зургуудаас онгоцны үлдэгдлийг харуулсан бөгөөд 9N-AET гэж бүртгэгдсэн дуудлагын тэмдэг тод харагдах аж.
"Эрэн хайх, аврах албаныхан онгоцны сүйрсэн газрыг бодитойгоор илрүүллээ" гэж Нараян Силвал даваа гаригийн өглөө твиттер хуудсандаа жиргэснээр бараг 24 цаг үргэлжилсэн онгоцны сэгийг хайх ажил дууссан юм.
Канадын нисэх онгоцны де Хавилланд фирмийн үйлдвэрлэсэн уг онгоц орон нутгийн цагаар ням гарагийн 09:10 цагийн орчимд жуулчны Покхара хотоос хөөрч жуулчид, мөргөлийн алдартай газар болох Жомсом руу чиглэж байв. Балбын засгийн газар осолдсон ослыг мөрдөн шалгах комисс байгуулснаа мэдэгдлээ. Балбад цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, нисэх зурвасууд нь хүрэхэд хэцүү хад чулуурхаг газар байрладаг зэргээс шалтгаалж агаарын тээврийн осол их гардаг.
Эх сурвалж: BBC news