Сурагч ЭЕШ-аа өгч, мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирээд байна. Сурагчид мэргэжлээ сонгож, шийдвэрээ гаргахдаа юуг анхаарах дараах мэдээллийг бэлтгэлээ. Энэ жил инженер, техникийн салбарын мэргэжил эрэлттэй байх төлөвтэй байна. Ирэх хичээлийн жилээс эрэлттэй мэргэжлээр хөдөө орон нутагт суралцах оюутнуудын төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр болжээ. Энэ талаар БШУЯ-наас тодрууллаа.
БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Х.Тамир:
“Ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн мега төслүүд, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх бүтээн байгуулалтууд, үйлдвэрүүдэд шаардлагатай мэргэжлүүд эрэлттэй байна. Судалгаагаар, инженер техникийн чиглэлийн 39 мянга орчим мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа гэсэн үг. Жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдсанаар төмөр замд ажиллах инженер, төмөр замын байгууламж босгох геотехникийн, механик инженерийн, нефть боловсруулах гэх мэт чиглэлийн мэргэжилтнүүд хэрэгтэй. Мөн арьс ширний үйлдвэрт ажиллах хүчин хомс байна.
Дээрээс нь бүс нутгийн онцлогт тохирсон бүтээн байгуулалттай холбоотой мэргэжлүүд эрэлттэй байгаа. Жишээлбэл, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт. Бүс нутгийн хөгжилд хэрэгцээтэй байх мэргэжлүүдийг тооцож үзэх ёстой.Үүнээс хамааран эдгээр мэргэжлээр суралцагчдыг төрөөс зээл, тэтгэлгийн бодлогоор дэмжих ёстой юм. Зургаадугаар сараас зээл, тэтгэлгийн багц журам Засгийн газрын хурлаар орж батлагдахаар бэлтгэл ажил хийгээд, боловсруулалтын шатанд явж байгаа. Ирэх намраас орон нутгийн их, дээд сургуулиудад эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд инженерийн чиглэлээр 14 мянган хүн сургаж гаргасан байна. Харин ирэх таван жилд энэ салбарын 39 мянган мэргэжилтэн хэрэгтэй. Өнөөдөр энэ чиглэлийн 10 мянга гаруй ажилтны хомсдол бий болоод байна. Дутагдаж байгаа боловсон хүчнийг бид гадаадад бэлдэж чадахгүй. Тиймээс дотооддоо бэлтгэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ БОЛОН ИЛҮҮДЭЛТЭЙ МЭРГЭЖЛҮҮД
Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр өгөгдлийн шинжээч, цахилгааны инженер, малын эмч, сувилагч, автомашины механик инженер зэрэг мэргэжил хамгийн их эрэлттэй байна. Тухайлбал, энэ онд өгөгдлийн шинжээч мэргэжлийн ажлын байрны эрэлт 1945 байхад энэ мэргэжлээр их сургууль төгсөж байгаа хүний тоо ердөө 167 байна. Автомашины механик инженер мэргэжилтэн нэг жилд хамгийн багадаа 500 хэрэгтэй байхад өнгөрсөн онд 167 оюутан л энэ чиглэлээр төгсчээ. Харин эсрэгээрээ нягтлан эдийн засагч мэргэжил илүүдэлтэй буюу ажил олдоход өрсөлдөөн, шалгуур ихтэй байх төлөв гарчээ. Жишээ нь, энэ онд нягтлан бодогчийн 1200 орчим ажлын байр бий болох тооцоо байхад шинээр 2000 хүн төгссөн байх жишээтэй.
Иймээс цаашид эрэлттэй мэргэжлээр суралцах оюутнуудыг төрөөс бодитоор дэмжих чиглэл барьж байна. Тухайлбал, энэ хичээлийн жилээс эхлэн сувилагчаар суралцах, тодорхой шаардлага хангасан оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцаж байна.
Видео тодруулгыг дээрээс үзнэ үү.