Говийн аймгуудын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаж байна.
Тэд говь нутагт олгогдсон замбараагүй лиценз бүхий уул уурхайг эсэргүүцэж өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд тайван жагсаж эхэллээ. Жагсаалаа ирэх сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Малчид Үндэсний аюулүй байдлын зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх"-ээ сэргээн хангуулах үүднээс 9 зүйл шаардлагыг хүргүүлж байна гэв.
Дорноговь аймгийн малчин иргэд:
- Говийн бүс нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд баяжуулах үйдлдвэр нэрээр гүний цэнгэг усаар ашиглаж байгааг шалгуулмаар байна. Бид дэс дараатайгаар 10 шаардлагыг тавьж байна. 2020 оны сонгуулийн өмнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумд дахиж лиценз олгохгүй гэсэн амлалт өгч байсан. Гэтэл 2022 оны тавдугаар сарын байдлаар 10 лиценз олгоод байна. Бид шаардлагаа тавиад авахгүй байгаа учраас төр засагтаа мэдэгдлээ өгч байна.
- Экологийн олон асуудлууд хөндөгдөж байна. Тээврийн асуудлууд бий. 60-120 тонны хүнд даацын автомашинууд шороон замаар тээвэр хийснээр тоосжилт үүсэж байна. Өмнөговиос Чойр чиглэлд 30-40 салаа зам үүсгэж, тухайн орчинд маш их тоос шороо үүссэн. Хүний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багт маш олон ачиж буулгах талбай бий. Тэр сууринд амьдарч байгаа иргэд тоос шороонд дунд амьдарч байна. Даланжаргалан сумаас 100-гаад малчин өнөөдөр ирсэн. Мөн Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь аймгаас малчид ирсэн талаар хэллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргаж буй шаардлага
1. Нүүдлийн уламжлалт мал аж ахуйн хөгжлийн байгаль экологийн хамгаалалтыг баталгаажуулах, өнөөг болтол соёлын өвийг тээгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг бүрэн арилгах
2. Говийн бүсэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг 30 жилийн хугацаанд хориглосон Ерөнхийлөгчийн хориг зарлиг гаргах
3. Говийн бүс дэх уул уурхай, үйлдвэрлэлд стратегийн үндсэн нөөц болох гүний усыг ашиглахыг хориглосон хууль нэн даруй гаргах
4.Аливаа төсөл хэрэгжүүлэхийн өмнө Хүний эрхийн, Нийгмийн, Эрүүл мэндийн, Угсаатны нөлөөллийн үнэлгээг хийж, стандарт тогтоон хэрэгжүүлэх, иж бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлж мөрдөх
5. Өнөөг хүртэл хууль зөрчиж олгосон, 30 жилээс өмнө нөөц нь дууссан, хууль хэрэгжүүлэхгүй зөрчил гаргасан компанийн тусгай зөвшөөрлүүдийг орон нутгийн, олон нийтийн мэдээлэл хяналт дор бүрэн цуцлах
6. Говийн бүс дэх стратегийн таван орд /Оюу Толгой, Тавантолгой, Цагаан суварга, Шивээ-Овоо, Нарийн сухайт/-ыг цогц төсөл болгож ТЭЗҮ, дэд бүтцийг салбар дундын нэгдсэн бодлого, Тогтвортой хөгжил, Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд орон нутгийн, олон нийтийн оролцоотой төлөвлөж хэрэгжүүлэх. Говийн бүсийн нэн эмзэг экосистем, уур амьсалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нөхцөл болон угаас ядмаг экологийн даацад тохируулан Стратегийн дээрх таван ордоос бусад уул уурхайн үйлдвэрлэлийн бүх төлсийг нэн даруй зогсоох
7. Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Өмнөговь аймгийн нутагт Өлзий-Цагаандэл уул зэрэг нэмж боомт нээх бодлогыг нэн даруй бүрмөсөн зогсоох
8. Хүнд даацын хатуу хучилттай тусгай зориулалтын бус замаар уул уурхай үйлдвэрлэлийн тээвэрлэлт хийх болон үүнээс бусад зам гаргахыг хатуу хориглосон шийдвэр гаргаж нэн даруй мөрдүүлэх
9. Сүүлийн 3 жилийн турш Тавантолгойн бүлэг ордоос Чойр, Ханги мандал чиглэлд тус бүр 470 км 35-39 салаа зам гаргаж шороон замаар тээвэр хийсний улмаас үүсээд буй байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг ЗГ нэн дарай шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэхийг хатуу шаардаж байна.