Ням гарагийн өглөө Балбын Тара Эйр компанийн 22 хүн тээвэрлэж явсан онгоц сураггүй болсныг тус агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт мэдэгдэв.
Онгоц Покхара хотоос Жомсом руу нисч байжээ. Онгоц орон нутгийн цагаар өглөөний 9:55 цагт хөөрснөөсөө хойш 12 минутын дараа агаарын удирдлагатай холбоо тасарсан гэж Балбын Иргэний нисэхийн газраас мэдэгдлээ. Хоёр хотын хоорондох нислэг ихэвчлэн 20-25 минут үргэлжилдэг аж. Онгоцонд 19 зорчигч, багийн гурван гишүүн байсан гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Балбын Дотоод хэргийн яамны ажилтан Бинод Б.К. "энэ явдал цаг агаарын таагүй байдлаас болсон" гэж эрх баригчид үзэж байгаа гэжээ.
Сураггүй алга болсон 22 хүний дотор Германы хоёр, Энэтхэгийн дөрөв, Балбын 13 иргэн харьяалал нь тодорхой бус хоёр зорчигч байсан гэнэ.
Онгоц Жомсомд газардахаас таван минутын өмнө хяналтын цамхагтай холбоо тасарсан гэж нэрээ нууцалсан агаарын тээврийн компанийн ажилтан Ройтерс агентлагт ярьжээ. Тара Эйр голдуу Канад улсад үйлдвэрлэсэн Twin Otter турбопроп онгоцоор нислэг үйлддэг. Нислэгийг хянах Flightradar24 сайтад нийтлэгдсэнээр алга болсон онгоц 1979 оны дөрөвдүгээр сард анхны нислэгээ хийсэн онгоц байжээ.
Балбын арми сураггүй алга болсон нисдэг онгоцыг эрэн хайх ажиллагаанд оролцсон ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан эрэн хайх, аврах ажил удаашралтай байгаа аж.
Ням гарагийн орой Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч Нараян Силвал Твиттерт "Нисдэг тэрэгнүүд алга болсон онгоцны хамгийн сүүлд дохио илгээсэн газар руу нисэхэд гэрэл дутсан, цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн даваа гараг хүртэл эрэн хайх ажиллагаагаа түр зогсоосон" гэж жиргэжээ. Тус улсын цаг уурын албаны мэдээлснээр өглөөнөөс хойш Покхара-Жомсон дүүрэгт өтгөн үүл бүрхсэн. Эрлийн ажиллагаанд оролцож байсан нэг нисдэг тэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Жомсом руу буцахаас өөр аргагүй болсон байна.
"Эрлийн ажиллагааг маргааш өглөө эрт агаараас болон газраас үргэлжлүүлнэ" гэдийг Силвал мэдэгджээ.
Эверест зэрэг дэлхийн хамгийн өндөр 14 уулын найм нь байрладаг Балба улсад агаарын ослын тохиолдол олон бүртгэгддэг. Цаг агаар гэнэт өөрчлөгдөж болох ба нисэх зурвасыг ихэвчлэн хүрэхэд хэцүү уулархаг газарт байрлуулдаг нь ч үүнд нөлөөлдөг гэнэ.
2016 онд Тара Эйр компанийн онгоц ням гарагт алга болсон онгоцтой ижил чиглэлд нисч байгаад осолдсон бол 2018 оны эхээр Дака-Катманду чиглэлийн АНУ-Бангла агаарын тээврийн онгоц газардах үедээ осолдож, шатаж, онгоцонд явсан 71 хүний 51 нь амь үрэгдсэн харамсалтай хэргүүд гарч байжээ.
Эх сурвалж: CNN News