Украины удирдагчид зүүн хойд Харьков мужид фронтын шугамд анх удаа зочиллоо. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков мужид айлчилж цэргүүдтэй уулзсан байна.
Энэ нь хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш түүний Киев мужаас гадуур хийсэн анхны албан ёсны айлчлал юм. Түүнийг сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, Харьков хотын балгасыг судалж буй зураг олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Ерөнхийлөгч Зеленский цэргүүдэд хандан "Би та бүхний хийж буй бүхэнд талархал илэрхийлмээр байна" гэжээ. Дараа нь тэр орон нутгийн хамгаалалтын даргыг хотоо "хамгаалаагүй" гэж ажлаас нь халсан байна. Ерөнхийлөгч Зеленский Украины Харьков мужийн Аюулгүй байдлын албаны дарга Роман Дудиныг "дайны эхний өдрүүдээс хотыг хамгаалж эхлэх ёстой байтал ажиллаагүй, харин зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бодсоных нь төлөө" ажлаас нь халсан гэжээ. Мөн "Ямар шалтгаанаар хувимйн ашиг сонирхлоо тэргүүнд тавих болсныг нь хууль сахиулах байгууллагынхан тогтооно" гэж тэр нэмж хэлжээ.
Оросын арми Украины хоёр дахь том хот болох Харьковыг нэг сар гаруй хугацаанд харьцангуй нам гүм “байлгасан” ч сүүлийн өдрүүдэд дахин онилж бөмбөгдөж эхэллээ.
Украины хоёр дахь том хот дайны эхний саруудад хүчтэй бөмбөгдөлтөд өртөж, цамхгийн блокууд нуранги болжээ.
Оросын цэргүүд өнгөрсөн хоёр сард украин цэргүүдийн хүчтэй давшилтын нөлөөгөөр хотуудаас гарч эхэлснээр Харьковоос дүрвэсэн зарим иргэд төрөлх хотдоо буцаж ирэхэд түлхэц болж, довтолгооноос хойш анх удаа метро дахин нээгдсэн байна.
Гэхдээ Харьков хот Оросын их бууны гол бай хэвээр байна. Ерөнхийлөгч Зеленскийн айлчлалын дараа хотод хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт сонсогдожээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн ажлын алба Telegram дээр "Харьков болон тус бүс нутагт 2229 барилга сүйдсэн. Бид Харьков төдийгүй бусад бүх хот тосгодыг сэргээн босгож, амьдралыг эхнээс нь эхлүүлнэ" хэмээн нийтэлжээ.
"Гэхдээ бид газар нутгаа эцсийн хүнээ хүртэл хамгаална гэдгийг тэд аль эрт ойлгох ёстой байсан. Тэдэнд ямар ч боломж байхгүй. Бид тулалдах болно, бид ялах нь гарцаагүй".
Эх сурвалж: BBC News