Франц, Германы удирдагчид Украины Ерөнхийлөгчтэй "шууд болон нухацтай хэлэлцээ хийхийг" ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан гэж Германы канцлерийн албанаас мэдэгдэв. Эммануэль Макрон, Олаф Шольц нар ноён Путинтэй 80 минутын турш утсаар ярьжээ. Тэд Оросын Ерөнхийлөгчид "нэн даруй гал зогсоож, Оросын цэргийг Украинаас гаргахыг шаардсан" гэж канцлерийн албанаас мэдэгдэв.
Оросын удирдагч Москва Киевтэй яриа хэлэлцээгээ сэргээхэд нээлттэй гэж мэдэгдсэн ч Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар шууд хэлэлцээ хийх боломжийн талаар дурдаагүй байна.
Украины ерөнхийлөгч өмнө нь яриа хэлэлцээ хийх хүсэлгүй байгаагаа хэлсэн ч мөргөлдөөнийг зогсооход энхийн хэлэлцээ зайлшгүй шаардлагатай зүйл гэж нэмж хэлсэн.
Орос, Украины төлөөлөгчид 2-р сарын 24-нд Орос түрэмгийлснээс хойш хэд хэдэн удаа алсаас болон биечлэн хэлэлцээ хийсэн ч сүүлийн үед энэхүү хүчин чармайлт нь зогсонги байдалд ороод байгаа билээ.
Франц, Германы эрх баригчид Ерөнхийлөгч Путинд хандан Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрт олзлогдсон Украины 2500 дайчдыг суллахыг уриалсан гэнэ.
Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэр нь Оросын цэргүүдийн тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж, одоо балгас болж буй өмнөд нутгийн боомт хотын сүүлчийн зогсоол болоод буй. Энэ сарын эхээр Москвагийн албаныхан үйлдвэрийг хамгаалж байсан сүүлчийн дайчид бууж өгсөн гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Зеленский тэдэнд бууж өгөх зөвшөөрөл өгсөн хэмээн тайлбарлажээ.
Ту үйлдвэрт байсан 900 гаруй дайчдыг ОХУ-ын мэдэлд байгаа Донецкийн Оленовка тосгонд дахин нээгдсэн шоронгийн колони руу шилжүүлсэн тухай ОХУ өмнө нь мэдээлж байсан. Тэднээс цөөн хүн нь хүнд шархтай учир Донецк хотын Новоазовск хотын эмнэлэгт хүргэгджээ.
Украйн тэднийг хоригдлуудын солилцооны хүрээнд суллана гэж найдаж байгаа ч Орос энэ талаар ямар нэгэн баталгаа өгөөгүй юм. Оросын зарим хууль тогтоогчид дайчдыг шүүж, бүр цаазлах ёстой гэж үзэж байгаа илэрхийлсэн нь бий.
Утсаар хийсэн ярианы үеэр Франц, Германы удирдагчид Ерөнхийлөгч Путинд хандан Украины Одесса боомтод тавьсан хоригоо цуцалж, үр тариа экспортлох боломжийг олгохыг хүссэн байна.
Ерөнхийлөгч Путин дэлхийн хүнсний хямралын эрсдэлийг даван туулахад туслах хувилбаруудыг авч үзэхийг санал болгосон боловч барууны орнуудаас хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан гэж Кремль мэдэгдэв.
Орос мөн Франц, Германыг Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулж, энэ нь тогтворгүй байдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC News