Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас ихтэй, гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, цаг агаарын мэдээг тогтмол ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорнодын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Эх сурвалж: ЦУОШГ