Хүн амьдралын төлөө цаг наргүй зүтгэхдээ өөрийгөө хайрлахаа мартчихдаг. Залуу нас эргэж ирдэггүй болохоор одоо байгаа бүхнээ хайрлаж, өөртөө цаг зориулж явах учиртайг манай нэвтрүүлгийн зочин М.Болороо хэллээ.
Бизнесийн салбарт 15 жил ажиллаж буй энэ бүсгүй, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал болоод, залуу боловсон хүчнийг тогтоож ажиллуулахад байгууллагууд юун дээр алддаг талаар ярилаа.
-Сайн байна уу? Та манай үзэгч уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Мөнхсаруулын Болороо гэдэг. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 28 нас хүртлээ янз бүрийн ажлуудыг хийж сурсан. Гэр бүлтэй болсноос хойш хувийн бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Remax Crystal-ийн брокер эзэмшигч, хөрөнгө оруулагч гэсэн статустай амьдарч байна.
ЭМЭГТЭЙ ХҮН БИЗНЕСИЙГ ДАНГААРАА АВЧ ЯВАХААР ХҮМҮҮС ДЭЭРЭЛХЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ
-Таны хувьд бизнесийн салбарт ороод 15 жил болсон байна. Энэ хугацаанд юу туулж, ойлгов оо?
– Эхний гурван жил шантраад хаячихмаар санагдтал хүнд байлаа. Намайг хүмүүс өрх толгойлсон ээж гэж боддог байсан юм шиг байгаа юм. Энд тэнд очихоор дээрэлхүү хандана. Үл ойшоосон байдлаар харьцдаг. Би энэ байдлыг нь харчхаад хүмүүс ч ер нь “хүн” байдаг юм байна. Би дандаа тэнгэрийн юм бодож байхаа больё гэж бодсон. Хүн таньсан гэхэд болно. Тэгээд л гэр бүлийнхээ хүнийг бизнест оролцохыг шаардаж байгаа юм. Ар талд ядаж үзэмж болоод яв л даа гэдэг. Хурал дээр очоод хамт суу гээд л. Олон эрэгтэй агенттай болчхоор нөгөөдүүл чинь үл ойшоох хандлага хааяа гаргана. Манай хүн байхаар нам болдог, эмээдэг л дээ. Энэ мэтээр бизнесийг эмэгтэй хүн дангаараа авч явна гэдэг их хэцүү. Нэг бол маш яхир хатуу байх хэрэгтэй. Үгүй бол ард багана болж байдаг хүн хэрэгтэй.
-Үл тоогдсон ямар хандлагууд мэдэрч байсан бэ? Танд юу гэж хэлж байв?
– Яг л нохойтой харьцаж байгаа юм шиг харьцдаг. Би чинь уг нь мөнгөө авах гэж байгаа хүн шүү дээ. Хөөж гаргачих гээд л байдаг. Бараг “араа харж яваарай” гэх зэргээр сүрдүүлнэ. Их муухай юм билээ. Яагаад эмэгтэй хүнтэй энэ мэтээр дээрэлхүү харьцдагийг ойлгодоггүй.
-Танай ажиллаж байгаа салбарт эмэгтэйчүүд хэр их байна вэ?
-Манай Ремакс 2015 оноос хойш зургаан жил болж байна. 2016 оноос хойш 70 гаруй оффистой ажиллаж байгаа. 38-40 хувь нь эмэгтэй захирлууд байдаг. Агентууд маань 1200-1500 хооронд хэлбэлзэж байдаг. Тэдний 68-70 хувь нь эмэгтэй. Манай эмэгтэй агентуудын дийлэнх хувь нь дандаа гэр бүлтэй, 4-5 хүүхэдтэй юм.
Эмэгтэйчүүд ажлаа, амьдралаа хослуулаад их зүйлийг хийнэ шүү дээ. Хоёр дахин илүү хичээж амьдрах шаардлага гарна. Хүүхэд гарсны дараа 10 жил хамт олон, ажил хөдөлмөр гээд бүх юмнаас тасрана. Зөвхөн гэр орон, гэр бүл гэдэг зүйлдээ анхаарал хандуулаад, нийгмээс тусгаарлагдаад байгаа ч юм шиг маш их бухимдал үүсчихдэг.
ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨСӨӨ Л ХАРАМЛАЖ АМЬДАРДАГ
Би агентууддаа хэлдэг. Ажлаа сайн хий. Мөнгөө хураа хүнтэй суухаасаа өмнө өөртөө чанартай хувцас ав. Өөртөө хэрэгтэй зүйлсдээ хөрөнгө оруулалт хий гэж. Хүнтэй суусны дараа өөрөөсөө харамлаж амьдардаг шүү дээ. Хүүхдэдээ, нөхөртөө л хувцас аваад байна. Нөхрийн маань цамц болохоо байчихсан шүү гээд л, өөртөө хоосон буцаад харьдаг. Тийм болохоор ядаж амьдралынхаа балансыг тэнцвэржүүлээд сурчих гэдэг юм. Амьдралыг гоё амттай болгох тэр зүйлийг эмэгтэй хүн өөрөө бий болгоно шүү дээ. Мөнгөө зохицуулж сурах маш чухал.
-Агентууддаа ингэж зөвлөдөг гэхээр та өөрөө их биеэ гаргуунд гаргаж байсан хүн үү?
-Хүнд өвдсөн үедээ, “Би ер нь юу хийж амьдарсан юм” гээд их боддог юм билээ. Өөрөөсөө харамлаад амьдарна гэдэг надад их өрөвдөлтэй санагдсан. Дараа болъё гэж өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш тавьсаар байтал нэг л мэдэхэд тав, арван жил өнгөрчихсөн байдаг.
Аль болох л чанартай жижигхэн зүйлүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Идэж уусан ч гэсэн. Хүүхэд залуучуудыг хараад байхаар хорт хавдар гээд л маш хүнд хэцүү зүйлүүд харагдаж байна. Дандаа чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс болж байгаа. Ядаж тийм зүйлээ өөрөөсөө битгий харамлаач ээ. Маш гоё үнэтэй хувцас өмсөөд л, үнэтэй машин унаад л байгаа хирнээ маш муу асуудалтай хүнсний зүйл хэрэглэдэг айл ч байдаг шүү дээ.
ЗАЛУУСЫГ МӨНГӨ АМЛАЖ ТОГТООДОГ ҮЕ ӨНГӨРСӨН
-Агентууддаа бараг ээж шиг нь зөвлөдөг юм байна даа.
-Амьдралынх нь 10 цаг нь байгууллага дээрээ өнгөрдөг олон хүмүүс байж байгаа. Тухтайхан шиг байх тэр боломжийг нь гаргаж өгөхийн тулд гэрээсээ элдвийн юм авчирч тавина. Маш их юм ургуулж боддог. Эмэгтэй хүн бизнес хийхээр тийм болчихдог юм шиг байна.
Хүнийг тогтоон барина гэдэг маш том ухаан байдаг гэдгийг энэ хугацаанд олж харлаа. Одоо залуучуудыг мөнгөөр тогтоож барина гэж байхгүй. Цалинг чинь нэмье гэх мэт зүйл нэмэр болохгүй.
-Нээрээ л залуусыг ажил хийх дургүй гээд шүүмжилдэг. Нөгөө талдаа ажил олгогчдод асуудал байдаг байх тийм үү?
-Өгөө аваа тодорхой. Өгөх ёстой бол өгдөг. Авах ёстой бол авдаг тодорхой зүйлүүд дээр залуучууд маань ажиллах сонирхолтой болсон. Сүүлийн үеийн залуучуудыг ажил хийх сонирхолгүй байна. “Тийм байна, ийм байна” гэхээсээ илүү цаана нь болж байгаа ньюансыг нь олж харах хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Манай Монголын зарим компаниудын захирлууд авах ёстой юмаа номер нэгт тавьдаг. Харин өгөх ёстой зүйлээ мартчихдаг. Бүр робот мэтээр боддог. Гэтэл орчин үеийн бизнесийн хандлага бол хамтарч ажиллая. Хамтаараа бие биендээ ашигтай байя гэдэг энэ зарчмыг баримталдаг учраас үндсэн суурь зарчмуудаа маш сайн ойлгох хэрэгтэй юм болов уу гэж хардаг.
ГАНЦ ӨДӨР Ч ГЭСЭН НЭГНИЙГЭЭ ЧӨЛӨӨЛЖ АМЬДАРЪЯ
-Ингэхэд та агентуудаа ямар арга барилаар тогтоодог юм бэ?
-Манайх цаг бүртгэдэггүй. Цаг бүртгэдэггүй шалтгаан нь юу вэ гэхээр чи өөрөө өөртөө зохицуулалт хийж амьдар, өөрөө өөрийгөө сурга гэдэг агуулгатай. Би бизнес эрхэлж эхэлснээсээ хойш хэзээ ч хүмүүсийнхээ цагийг бүртгэж байгаагүй. Хийх ёстой ажлаа хийж байг. Бусад цагт нь өөр зүйлсээ амжуул. Би зарим найз нарыгаа харахаар өмнөөс нь зүрх өвдөөд байдаг. “Хурдлаарай хурдлаарай” гээд л хүүхдээ ч нэг сургуульд нь өгчхөөд өрхийн эмнэлэг орох хэрэгтэй болно. Хүүхэд нь өвдлөө гэхэд шүү дээ. Тэгээд л хороон дээр очих хэрэг гарна. Хувь, хувьсгалын ажлуудаа амжуулчих гээд л. Морин дэл дээр явж байгаа юм шиг байдаг. Тэгж ажиллаж мөнгө олно гэдэг амттай юу гэдэг сонин. Гудамжинд ч таван үг сольж чадахгүй, “байж байгаарай хуруугаа хийчхээд ирье” гэх юм. Хэнийгээ ч хуураад байгаа юм. Өглөө босоод л аахилж амьдарна. Орой унтахдаа ч аахилж амьдарна ийм баймааргүй байна. Нэг өдөр ч гэсэн хэн нэгнийгээ чөлөөлж амьдарч суръя.
Ажил амьдрал маш сайн зохицуулахад удирдагч хүний өөрийнх нь ухаан хэрэгтэй юм болов уу гэж боддог. Өөрийгөө ухаантай гэж хэлээгүй ч гэсэн хичээж байгаа.
-Олон залуусын бодож явдаг зүйлийг л хэлэх шиг боллоо. Таны цаашдын зорилго юу байна вэ?
-Манай салбар ер нь дөнгөж хөлд орох гээд л мөлхөж байгаа хүүхэд шиг салбар. Үүнд арай олон хүмүүс түүчээлж оролцуулъя. Таван жилийн дотор бид юм босгож чадсан юм чинь дахиад таван жилийн дотор энэ салбар гоё болчих болов уу гээд хичээж байгаа. Цэгцтэй, шударга тогтолцоотой болгох тийм л зорилго тавиад байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.