Жастин Тимберлэйк өөрийн дууны каталогийг бүхэлд нь менежментийн компанид зарж, дууныхаа эрхийг их мөнгөөр зарж буй сүүлийн үеийн мега оддын давалгаанд нэгдэж буй.
Лондонд төвтэй Hipgnosis Song Management компани пүрэв гарагт Жастин Тиберлэйкийн бичсэн болон хамтран бичсэн дууны бүх зохиогчийн эрхийг буюу нийт 200 орчим дууг худалдаж авснаа гүйцэтгэх захирал Мерк Меркуриадис мэдэгдэв. Одоо тэдний хяналтанд Жастин Тимберлэйкийн хит дуу "SexyBack", "Can't Stop the Feeling" болон "Mirrors" байгаа аж. Хэлэлцээрийн үнэ ил болоогүй ч The Wall Street Journal-д бичсэнээр 100 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа хэмээн бичжээ.
Тимберлейкийн хөгжмийн цуглуулга түүнийг 1995 онд NSYNC хэмээх хөвгүүдийн хамтлагийн гишүүн байхаас эхлэлтэй. Тус хамтлаг олон улсад амжилт гаргасны дараа Тимберлейк таван студийн цомог, 40 сингл бүхий бие даасан карьераа эхлүүлсэн.
"Каталогоо зарж буй олон уран бүтээлчид ирээдүйгээ төлөвлөн хөгжмөө бусдад зарах нь утга учиртай болсон цаг ирж байна" гэж Billboard-ын редакцийн захирал Ханна Карп CNN-д ярьжээ.
Hipgnosis-тэй Red Hot Chili Peppers, Journey, Blondie, Neil Young нар гэрээ хийн бүтээлүүдээ худалдсан юм.
Тимберлейк пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "Би Hipgnosis-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Тэд уран бүтээлчид, тэдний бүтээлч ажлыг үнэлдэг, үргэлж дэмждэг” гэжээ.
Энэхүү гэрээ нь зөвхөн Тимберлейкийн хэвлэн нийтлэх эрхэд хамаарах учир гэрээнд зөвхөн түүний бичсэн дуунууд багтсан болно. Тимберлэйк өөрт нь амжилт авчирсан олон дуу болон Рианна, Мадонна зэрэг бусад уран бүтээлчдэд зориулсан хэд хэдэн дуу, мөн хамтран бичсэн NSYNC-ийн хөгжмийн каталогийн томоохон хэсэг гэрээнд багтахгүй гэнэ. Тиймээс “Bye Bye Bye" гэх мэт хит дуунууд Жастин Тимберлэйк, Hipgnosis хэлцлийн хамрах хүрээнээс гадуур байна гэсэн үг юм.
Энэхүү худалдан авалтыг Hipgnosis Song Management болон Blackstone (BGB) фирмийн удирддаг сангуудын 1 тэрбум ам.долларын түншлэл болох Hipgnosis Songs Capital-ийн нэрийн өмнөөс хийсэн байна. Тус сан нь Тимберлэйкийн хөгжим, кино, телевиз, стриминг, ковер хөгжим, үзүүлбэр зэрэг худалдан авалтаас ашиг олдог.
Тимберлэйкийн хөгжмийн каталог нь Hipgnosis-ийн эзэмшдэг өндөр сонголттой, дээд түвшний хөрөнгийн бүлэгт орж байгаа нь хамгийн чухал зүйл гэж пүүсийн төлөөлөгч хэлэв.
"Түүний бүтээлүүд сүүлийн 25 жилийн соёлын хувьд хамгийн чухал дуу, ер бусын амжилттай дуунуудын зарим нь төдийгүй, хэдэн арван жил, олон арван жилийн турш ч ийм хэвээр байх болно" гэж Меркуриадис хэлэв.
Эх сурвалж: CNN Entertainment