Бид энэ удаа 13 настайгаасаа мэдээллийн технологийн салбарт дурлаж, өдгөө 16 насандаа код бичих, аппликейшны дизайн гаргах чадвар эзэмшээд буй Б.Мишээлийг онцоллоо. Түүний хувьд АНУ-ын Seattle хотод байрлалтай “Nest solution” компанид дизайнераар ажиллаж байна.
Б.Мишээл Nest academy-д суралцсан гурван жилийн хугацаандаа олон нийтэд нэн хэрэгтэй хэд хэдэн аппликейшнийг бүтээлцэж, загвар дизайныг нь гаргажээ. Сүүлийн жишээ гэхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох “Сэтгэл” аппликейшн дээр ажилласан байна.
Түүний хувьд арван жилийн сурагч ч гэсэн, аль хэдийн мэргэжлээ сонгож, ирээдүйгээ төлөвлөхийн хажуугаар сурах, ажиллахыг хослуулж, хоёр сая төгрөгийн цалинтай болж амжжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Би анх код бичих сонирхолтой байсан. Аппликэйшн бүтээгээд, өөрийн гэсэн тоглоом зохиох сонирхолтой байсан юм. Nest academy-д суралцаж эхэлсэнээсээ хойш илүү дизайн тал руугаа, асуудал шийдвэрлэхдээ сонирхолтой юм байна гэдгээ олж мэдсэн. Хэрэглэгчдэд ойлгомжтой, асуудлыг нь шийдвэрлэх дизайн бүтээхийг сурсан гэсэн үг.
Манай үеийнхэнд сэтгэл зүйн асуудлууд нэлээн тулгардаг. Сэтгэл зүйчийн хүрэлцээ бага байдаг. Хэнд хандахаа мэддэггүй. Тийм асуудалтай тулгарч байсан болохоор “Сэтгэл” аппликейшний санаагаа гаргаж хийж эхэлж байсан.
Миний хувьд дуртай зүйлээ хийж байхдаа, өөрөөр хэлбэл дизайн хийж байхдаа огт ядардаггүй. Хэдэн цаг болж байгааг ч мэдэлгүй шөнө хүртэл суучихдаг. Ингэж бодож хийсэн зүйлийнхээ үр дүнг харахад үнэхээр кайфтай байдаг.
Манай үеийнхэн мэргэжлээ сонгох гээд л явж байгаа. Харин би өөрийнхөө хийх ёстой зүйлийг эрт олж чадсанаа давуу тал гэж хардаг. Ажиллаад, цалинжаад явж байгаа маань энэ насанд чамлахаар зүйл биш гэж боддог.
Энэ бүхний суурийг Nest academy тавьж өгсөн. Амьдралдаа хийсэн зөв сонголтуудын нэг нь энд суралцах болсон явдал гэж боддог. Анх энэ салбар эмэгтэй хүүхдэд тохиромжгүй байх гэж бодож байсан. Суралцаад явахад эрэгтэй, эмэгтэй гэж ялгарах зүйл байгаагүйг харсан. Аав ээжээсээ мөнгө аваагүй удаж байгаа. 16 настайдаа өөрийнхөө хэрэгцээг даагаад явж байгаа нь сайн хэрэг гэж боддог шүү. Сурангаа ажиллаад, өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах боломж бий болгосонд баяртай байгаа.
Миний мөрөөдөл, ирээдүйн зорилго бол дэлхийд өрсөлдөх хэмжээний чадварлаг программист болж, IT салбарыг Монголдоо хөгжүүлэх явдал юм” гэлээ.
Ташрамд дурдахад, Nest academу-д 7-12 дугаар ангийн сурагчид дөрвөн жилийн хугацаанд суралцах боломжтой. Практик дээр суурилсан энэхүү академи 10 мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэх алсын зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.