Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ)-ийн X их хурал боллоо.
МСӨХДЗ төрийн бус байгууллага нь НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) болоод нийслэлийн холбогдох байгууллагуудтай Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.
Тухайлбал, “Манай хороо-миний гудамж” аяныг зохион байгуулж, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сайжруулахад анхаарч буй. Мөн зөвлөлийн зүгээс НЗДТГ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ) болон “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-тай хамтран “Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа талаар төлөөлөгчдөд танилцууллаа.
Энэ талаар МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “Уг төслийн хүрээнд нийт 1,077 блок барилгыг дулаалах шаардлагатай гэсэн судалгаа гарсан.
2021 оны байдлаар нийт 96 байрыг дулаалсан бол энэ онд 42 барилгыг дулаалахаар төлөвлөсөн.
Мөн НЗДТГ, Беларусь Улсын “Могилёвлифтмаш” компанитай хамтран 180 цахилгаан шатыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэв.
МСӨХДЗ-ийг анх 1999 онд байгуулсан бөгөөд 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь СӨХ-ны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй байгууллага юм.
Улсын хэмжээнд 1,600 гаруй СӨХ байдгаас Улаанбаатар хотод 1,300 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 905 СӨХ тус зөвлөлд нэгдэн оржээ.
МСӨХДЗ үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөхөөр СӨХ-дын үйл ажиллагааг дэмжин, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий зургаан албыг байгуулжээ. Уг албадаар дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, шинэчлэлийн нэгдсэн бааз, мэдээллийн санг үүсгэх, санхүү, хуулийн зөвлөх үйлчилгээ зэрэг төрөлжсөн үйлчилгээг СӨХ-үүдэд үзүүлэх аж.