Манай улсын нүүрс экспортын хоёр дахь гол гарц Шивээхүрэн-Сэхэ боомтыг өнөөдрөөс нээсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тус боомт хаалттай байсан юм.
Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна.
Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам