
БНСУ-ын “Самсунг корпораци ирэх таван жилийн хугацаанд бизнестээ 350 тэрбум ам.доллар зарцуулж, хэдэн арван мянган ажлын байр бий болгох төлөвлөгөөгөө танилцууллаа.
Удаан үргэлжилсэн нийлүүлэлтийн сүлжээний асуудал, Украины дайнаас үүдэн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа ч Самсунг корпораци 2026 он хүртэл 450 их наяд вон буюу 356 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг чип үйлдвэрлэх, био эмийн бүтээгдэхүүн зэрэг үндсэн бизнест зарцуулна гэж мэдэгджээ. Энэ нь өмнөх таван жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгө оруулалтаас 30 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг буюу 360 их наяд солонгос вон буюу 285 тэрбум ам.долларыг Өмнөд Солонгостоо хийх бол үлдсэн санхүүжилтийг хаана хуваарилах талаар тодорхой заагаагүй байна.
Тус групп мөн 2026 он гэхэд 80 000 шинэ ажлын байр буюу "жил бүр 16 000 орчим ажлын байр" бий болгох ажлыг эхлүүлж буйгаа мэдэгдэлдээ дурджээ. Өмнө нь 2021-2023 он хүртэл 40 000 ажлын байр бий болгох зорилт тавьж, амжилттай гүйцэтгэж байв.
Харин энэ удаа бий болгох ажлын байрнуудын дийлэнхийг улсдаа, өөрийн орны иргэдэд зориулан гаргах төлөвтэй байна.
БНСУ-ын технологийн аварга Самсунг корпораци нь Их Британи, АНУ, Канад, Филиппин зэрэг дэлхийн өнцөг булан бүрт судалгаа, хөгжлийн төвүүдтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэгчид хомсдолд орж байгаа үед тус компани хагас дамжуулагч нийлүүлэгчийн үүргийг улам нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: CNN News