Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өчигдөр батламж гардууллаа.
Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ” гэв.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХМОНХА