
Айл бүхэн ногоон орчин бүтээх боломжтойг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батзоригийнх харуулж байна. Эднийх 2009 оноос хойш хашаандаа мод тарьжээ. Энд 20-30 төрлийн мод ургаж байна. Б.Батзоригийнх мод тарьж эхэлснээс хойш ойр хавийнхан нь үлгэрлэж, тарьц суулгац аван хашаагаа тохижуулж эхэлсэн байна. Мөн энэ айл гудамжиндаа ч ногоон байгууламж бий болгож, цэцэрлэгжүүлжээ.
"Өнөөдөр талхны үнэ дунджаар 2000 төгрөг. Харин гадуур үүнээс ч хямд үнээр зарим модны суулгацыг худалдаалж буй. Хэрвээ сэтгэл байвал ганц талх авч идэх мөнгөөрөө ногоон орчин бий болгох боломжтой" хэмээн Б.Батзориг хэлсэн юм.
Мөн бид түүнээс хашаан дотроо ямар мод тарих нь зохимжтой байдаг талаарх мэдээллийг авлаа. Тэрбээр "Мод тарихаар бэлдэж буй айлуудад зөвлөхөд, эхлээд хөрснийхөө чанарыг маш сайн харах хэрэгтэй. Хөрс нь хуурайшилттай, чийг алдалттай байх юм бол зайлшгүй хөрсний чийгийг сайжруулах мод тарих нь чухал. Түүнийхээ дараагаар шилмүүст тэргүүтэй усны арчилгаа шаарддаг моднуудаа тарих нь зөв. Улиас,Халиас, Шар хуайс зэрэг мод ус их бага шаарддаг. Учир нь эдгээр модны үндэс хөрсний гүн рүү орж чийгээ дээшээ татаж өгдөг юм.
Аливаа модыг гурван жил сайн арчилж услаад, тордолгоог нь зөв хийгээд ургуулчихсан байхад 4-5 дахь жилдээ усалгааны ачаалал багасна. Манай хашаанд 20-30 төрлийн мод бий. Хүн гаднаас ороод ирэхэд цэвэрхэн, цэгцтэй харагддаг. Амьдрахад ч тааламжтай байдаг.
ТАЛХНААС ХЯМД ҮНЭЭР МОД ТАРИХ БОЛОМЖТОЙ
Манай гудмаар машин их явдаг. Нэвт гарахаар доошоо урууддаг замтай байсан юм. Ингээд хөрсний сийрэгжилт их болж, хөрс суларсан. Улмаар шороо их босдог байсан. Бид байгаль дэлхийдээ ээлтэй хандах хэрэгтэй гэдгийг харуулахын тулд л мод тарьж байгаа шүү дээ. Ингээд энэ хугацаанд хөрсний элэгдэл багассан. Тоос шороо босдог нь одоо байхгүй. Тэгээд ч орчин тойрны хүүхдүүд ирж сааданд суух, нялх хүүхэдтэй ээжүүд салхилах, настай хүмүүс автобусны буудлаас гэрлүүгээ явж байхдаа түр амс хийгээд явах зэргээр ач тустай зүйл их байна.
Модыг хэдэн зуун сая төгрөгөөр тарихгүй шүү дээ. Талхны үнэд ч хүрэхгүй моднууд бий. Тэгэхээр үүнд бага ч гэсэн сэтгэлээ зориулж байгаарай. Мөнгөөр шийдэхгүй зүйл гэж байна шүү дээ.
Гудамжаа тохижуулсны дараагаар, эхэндээ хүмүүс мод хугалдаг байсан. Сүүлд нь хэлээд больсон. Гараад явахаар зарим хэсгээр нь бие засчихсан. Түүнийг нь миний ээж л цэвэрлэнэ шүү дээ. Өөрсдөө хийсэн болохоор харж байгаад үхүүлэлтэй нь биш гээд гудамжиндаа худаг гаргасан. Тиймдээ ч усалж тордоод явж байна даа” гэсэн юм.
Бид энэхүү мэдээллээр ногоон хот, эрүүл аюулгүй амьдралыг иргэн бүрийн оролцоотойгоор бий болгох боломжтойг харуулахыг зорилоо. Өнөөдөр Улаанбаатарт хөрс, агаарын бохирдлоос үүдэн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болж буйг мэргэжилтэн хэлсэн. Үүнээс ч хор уршигтай зүйлс бидний бие, эрүүл мэндэд тулгамдах болсон. Тэгвэл иргэн бүр хариуцлагатай байж хашаандаа мод таривал нийслэл хотдоо стрессгүй, тав тухтай амьдарч чадах юм.