"Өрөг" хэлэлцүүлгийн шинэ дугаарыг Боловсролын шинэчлэл хувийн сургуулиудыг зохицуулж чадах уу?” сэдвээр бэлтгэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам ямар байр илэрхийлснийг хүргэе.
"…2022 онд 168 сургуульд 28 тэрбум төгрөгийг хувьсах зардал болгон өгөхөөр төсөвлөсөн. Боломжийн орчинтой цэцэрлэгийг хоёр тэрбум төгрөгөөр барьдаг гэж тооцвол жилд 14 цэцэрлэг барих мөнгийг хувьсах зардал нэрээр олгож байна. Гэтэл залуус хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байна,ажил хиймээр байна гээд жагсаад, эсэргүүцлээ илэрхийлээд явж байна шүү дээ.
Энэ 28 тэрбум төгрөгөөр төрийн өмчийн сургуульд багшилж байгаа 30 мянга гаруй багшийн цалинг 500 мянган төгрөгөөр нэммээр байна. Тийм боломж нь бий.
Хувийн сургуультай холбоотой санал гомдлууд юун дээр ихэвчлэн гардаг вэ гэхээр, нэгдүгээрт төлбөрөө огт мэдэгдэлгүй нэмдэг. Гэхдээ бүгд тийм биш. Дээр нь суудлын мөнгө гэж өмнөх жил нь авдаг. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөрийг мөрддөггүй. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүд маань ямар хэл, түүх, соёл мэддэг байх ёстой юм”… гээд төрийн бодлого бас байдаг. Түүнийг зарим хувийн сургуулиуд баримталдаггүй.
Хувийн сургуулиудын 90 хувь нь таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиуд . Энэ сургуулиуд төрөөс хувьсах зардал авч байгаа. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байна гээд тухайн хүүхдэд ногдох хувьсах зардал авдаг байж төрийн бодлогыг хэрэгжүүлдэггүй.