БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг нөгөөдрөөс буюу энэ сарын 26-наас бүртгэж эхлэхээр байгааг ХХҮЕГ-аас мэдээллээ. Ингэхдээ цахим системийг өглөөний 9 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм байна. Бүртгэлийн холбоосыг hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйж хуудсанд байршуулахаар болжээ.
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд дараах шаардлага тавина. Үүнд:
18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байхыг шаардах юм байна.
Өмнө нь иргэдийн бүртгэл явуулахад их хэмжээний урт дараалал үүсдэг байсан. Тиймээс бүртгэлийг цахимаар зохион байгуулдаг болсон юм.