2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулиар та ширхэг бохь худалдан авсан ч баримтаа авах эрхтэй болсон юм. Учир нь, ААН-үүд үйл ажиллагааны цар хүрээнээс үл хамаарч, НӨАТ төлбөр байхаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хууль хэрэгжиж эхэлснээр татвар ил тод болж, далд эдийн засаг буурсан гэж ярьдаг. Гэвч өнөөг хүртэл зарим ААН-үүд НӨАТ-аа төлөхгүй иргэдийн хохироосоор байна. Энэ тухай бид албаны хүмүүсээс тодрууллаа.
Энэ талаар Татварын Ерөнхий Газрын мэргэжилтэн Б.Өнөр “ТҮЦ-ээс иргэд НӨАТ-ын баримт авдаггүй байх. Авна гэсэн ойлголт ч байдаггүй. Төлсөн л бол авах ёстой. Бүх ААН байгууллага, бичил бизнес эрхлэгч энэ баримтыг өгөх ёстой юм. Зах худалдааны төв дээр наймаа хийж буй хүнээс эхлээд таксины жолооч хүртэл бидэнд баримт өгөх ёстой шүү дээ. Энэ бол хуулинд тусгагдсан.
Иргэдийн татварын талаарх мэдлэг, мэдээлэл хомс байдгаас үүдэн үсчин, гоо сайхан, маникюрын үйлчилгээ авч, мөнгөө төлчхөөд баримтаа авдаггүй. Өөрөөр хэлбэл шаарддаггүй. Үүн дээр иргэдийн боловсрол жаахан дутмаг байгаа нь харагдаж байдаг гэсэн үг.
Баримт өгөхгүй байгаа ААН, хувь хүн дээр "E barimt" аппликейшнээр дамжуулан гомдол саналаа илгээх боломжтой. Мөн 1288 дугаарт холбогдож болно. Төлбөрийн баримт өгөөгүй гэх гомдол ирвэл ААН-үүдийг 1,5 сая төгрөгөөр, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий” гэлээ.
Түргэн үйлчилгээний цэгээс хүртэл баримт авах ёстой гэх мэдээллийн дагуу бид энэ талаар худалдагчдаас тодруулахад
- "Ямар баримт вэ. Угаасаа өгдөггүй. Бүх ТҮЦ л өгдөггүй шүү дээ. Би чинь хувь хүн. НӨАТ-ын баримт үйлчлүүлэгчдэд өгөх шаардлагатай гэвэл бид дахиад барааныхаа үнийг нэмэх шаардлагатай болно.
- Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. ТҮЦ хэзээ НӨАТ-ын баримт өглөг байсан юм бэ" гэв.
Харин бид иргэдээс НӨАТ-ын баримтаа байгууллагуудаас шаардаж авдаг эсэх талаар тодруулахад:
- ТҮЦ болохоор НӨАТ шаарддаггүй. Өгөхгүй гэдгийг мэддэг болохоор шаардаад ч хэрэггүй. Бусдаас нь нэхээд авдаг.
- Хааяа л шаардлага тавьдаг. НӨАТ гаргадаггүй гэдэг тайлбар л тавьж байсан. Жижиг дэлгүүрүүд баримт өгөхгүй байх тохиолдол их байдаг.
- НӨАТ-ын баримт авдаггүй. Худалдаа хийж байгаа бол өгөх ёстой л байх. Ихэнх нь өгдөггүй" гэсэн юм.