БНАСАУ цар тахлын халдвартай тэмцэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Солонгос Ковид-19-ийн эсрэг вакцинаар туслах санал тавьсан ч хариу өгөөгүй талаар мэдэгдлээ.
Умард Солонгост нийт 2,5 сая орчим хүн халуурч, улс орон даяар хатуу хөл хорионд орсон гэж тус улсын төрийн хэвлэл мэдээлсэн. Туршилт, вакцины нөөц багатай тус улсын хувьд цар тахал хүнд цохилт болно гэдгийг шинжээчид анхааруулж буй.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Юн Сук Ёолтой уулзах үеэрээ "Бид зөвхөн Умард Солонгост төдийгүй Хятадад вакцин санал болгосон. Бид үүнийгээ даруй хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ бидэнд ямар ч хариу ирээгүй" гэв.
Умард Солонгосын эрх баригчид дэлхийн вакцин хуваах систем болох “Ковакс” хөтөлбөр болон Өмнөд Солонгосоос вакцин нийлүүлэх саналаас татгалзсан юм. Цар тахлын үед хилээ “битүүмжлэн” Ковид-19-ийн халдвараас амжилттай сэргийлсэн гэж мэдэгдэж байсан ч мэргэжилтнүүд коронавирусын халдварын тохиолдол бүр өмнө нь тархсан байсан гэж сэжиглэдэг.
Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлаас сэргийлэхийн тулд ургамлын гаралтай цай, давстай усаар хоолойгоо зайлах, ибупрофен зэрэг өвдөлт намдаах эм уухыг иргэддээ зөвлөж байгаа бол тус улсын удирдагч Ким Чен Ун үндэсний эмийн нөөцийг хуваарилахдаа буруу алхам хийсэн гэж албаны хүмүүсээ буруутгаж байгаа аж.
Хятад улс халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбараас үүдэлтэй халдварын давалгааг хянахаар тэмцэж байгаа бөгөөд хэдэн арван сая хүн хөл хорионд байгаа билээ.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Байден удирдагч Ким Чен Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд "Энэ нь түүний чин сэтгэлээсээ хандах эсэх, улс орных нь байдал хэр ноцтой байгаагаас хамаарна" гэж хэлжээ.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Сингапурт Ким Чен Унтай түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, дараа жил нь Умард Солонгост хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байв.
Эх сурвалж: BBC News