УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хэлэлцэж байна.
Уг хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах зохицуулалтыг шинээр бий болгож байгаа аж.
Мөн давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс буцаадаг зохицуулалтыг халах асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан байна.
Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг байгаа. Анхан болон давж заалдах, Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм.
Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна" хэмээн хэлж байсан юм.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын нийт 13 эмэгтэй гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг холбогдох байнгын хороо дэмжсэн бөгөөд тун удахгүй Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж буй ажил хуультай нэгтгэх хэлэлцэхээр болсон билээ.
Хуулийн төсөл дэх онцлох заалтуудаас дурдвал,
- Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний болон гадаад улс оронд амьдарч буй Монгол Улсын иргэний хүүхдэд нэгэн адил хамаарна.
- Байгууллага, аж ахуйн нэгж бүр эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
- Хүүхэд, гэр бүлтэй холбоотой маргааныг хүүхэд, гэр бүлийн талаар мэргэшсэн шүүгч шүүнэ.
- Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах орон тооны бус дэд зөвлөл ажиллаж, иргэд, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөлтэйгээр цахим орчинд хүүхэд хамгааллын салбар дундын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавина.
- Интернет үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд нь цахим орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн мэдээллийг илрүүлэх техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол бүрийг мэдээлж ажиллах үүрэг хүлээнэ.
- Иргэн, албан хаагч бүр цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн, дарамт хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн байж болзошгүй тохиолдлыг цагдаагийн байгууллагад мэдээлнэ.