Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд автомашинууд шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.20/ 06:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хороо "Гэгээ" сургуулийн арын хашаан дотор автомашинууд шатаж байжээ. Галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй дөрвөн автомашин болох “Тоёота Королла”, “Тоёота пробокс” шатаж байсныг унтраажээ. Гал юунаас болж гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Дулааны улирал эхэлж ахуйн түймэр ихэссэнтэй холбоотойгоор ОБЕГ-аас дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна. Үүнд:
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
- Граж, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
- Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.