Үндэсний статистикийн хороо 2022 оны эхний улирлын байдлаар Үндэсний Нийт Орлого(ҮНО)-ын хэмжээг танилцуулав. ҮНО эхний улиралд 7.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувь буурсан байна.
ҮНО нь хаана үйлдвэрлэгдсэнээс нь шалтгаалахгүйгээр тухайн улсын эдийн засгийн харьяатуудын эзэмшиж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн орлогын нийлбэр үзүүлэлт юм.
ҮНО-ыг тооцохдоо ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаад эдийн засгаас орсон цэвэр анхдагч орлого буюу эдийн засгийн харьяатаас орсон орлогыг нэмж, харьяат бусын орлогыг хасаж тооцно. Гадаад эдийн засгаас орох орлогод эдийн засгийн харьяат, харьяат бусын хооронд хийгдэх хоёр төрлийн ажил гүйлгээ байх бөгөөд энэ нь харьяат бус ажиллагчдад төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, хөрөнгө оруулалтын орлого байна.
Хүснэгт. ДНБ, ҮНО, ҮНЭО, оны үнээр
Гадаад эдийн засгаас хүлээн авсан цэвэр орлого 2022 оны эхний улиралд -1.7 их наяд төгрөг буюу хасах үзүүлэлттэй байсан ба хоёрдогч орлого буюу цэвэр шилжүүлэг 0.3 их наяд төгрөг болж, ҮНО 7.9 их наяд төгрөг, Үндэсний нийт эзэмшлийн орлого 8.2 их наяд төгрөг болжээ.
ҮНО болон ДНБ-ий харьцааг хувиар илэрхийлбэл, 2020 оны эхний улиралд ҮНО-ын ДНБ-д эзлэх хувь 95.2 байсан бол 2022 оны эхний улиралд 82.6 болж буурсан байна.
Зураг. Анхдагч орлого, ҮНО-ын ДНБ-д эзлэх хувь
Анхдагч цэвэр орлогын ДНБ-д эзлэх хувь 2022 оны эхний улиралд -17.4 хувийг эзэлж байна. ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний анхдагч орлогыг 2022 оны эхний улиралд бусад улсаас хүлээн авсан бол 19.8 хувьтай тэнцэх анхдагч орлогыг бусад улсад шилжүүлсэн байна.