Энэтхэгийн Дээд шүүх 1991 онд Ерөнхий сайд асан Ражив Гандигийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдож, ял авсан хүмүүсийн нэгийг суллах шийдвэр гаргажээ.
Хэрэгтэн А.Г. Пераривалан хорих ангид 30 гаруй жилийг өнгөрөөсөн бөгөөд 1998 онд түүнд цаазаар авах ял оноосон ч дараа нь ялыг нь хөнгөрүүлсэн гэдэг.
Ерөнхий сайдын амийг хөнөөсөн хэрэгт холбогдон, 19 настайдаа баривчлагдсан Пераривалан нь Гандигийн амийг хөнөөх бөмбөгөнд ашигласан батерейг худалдаж авсан хэргээр ял сонсчээ. Тамил Наду мужид Экс Ерөнхий сайдыгн сонгуулийн цуглааны үеэр амиа золиослогч эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Уг явдлыг Ражив Гандиг 1987 онд Ерөнхий сайд байхдаа Шри Ланкад Энэтхэгийн энхийг сахиулагчдыг илгээсний хариу арга хэмжээ гэж үздэг.
Хэрэгтэн Пераривалан нь Шри Ланкад Тамилын тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж буй босогчдын бүлэг болох Тамил Иламын чөлөөлөгчдийг дэмжигч байжээ. Босогчид эцэст нь 2009 онд Шри Ланкийн цэргүүдэд ялагдсан юм.
Лхагва гарагт Энэтхэгийн Дээд шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүн Энэтхэгийн үндсэн хуулийн "ямар ч шалтгаанаар шударга ёсыг тогтоох" онцгой эрхийнхээ хүрээнд Перариваланыг сулласан байна.
Тамил Наду мужийн эрх баригчид хүн амины хэрэгт буруутай хүмүүсийг суллахыг Энэтхэгийн Дээд шүүхээс олон жилийн турш хүссэн гэдэг.
2000 онд энэ хэрэгт ял шийтгүүлсэн цорын ганц эмэгтэй болох Налинигийн цаазаар авах ялыг хөнгөрүүлжээ.
Эх сурвалж: BBC News