ХАНДИВЫН ДАНС: 5030149370 /ХААН БАНК-Т.ЦЭЦЭГБАЯР/
Тавхан настай балчир хүү минь “Би Энэтхэг явж байна. Эмчлүүлээд ирнэ дээ” гээд шалан дээр хэвтчихсэн байсан” гэж ярих эцэг, эхийн яриаг сонсоод өр өвдөж, сэтгэл нурах шиг болов. Элэг бүтэн амьдралын төлөө тэд өнөөдөр халуун сэтгэлт түмнээсээ халуун сэтгэл эрж байна.
УС ГАРЧИХСАН БАЙХАД 15 ЦАГИЙН ДАРАА ХАГАЛГАА ХИЙСНЭЭС БОЛЖ ХҮҮХЭД МИНЬ БҮТЭЛТТЭЙ ТӨРСӨН
Залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах өдөр харамсалтай явдал болжээ. Төрөхийн хүндрэлээс шалтгаалан, хүүхэд нь дөрвөн мөчний саажилттай болсон байна. 2017 оны гуравдугаар сард Л.Батбаярын эхнэр Т.Цэцэгбаяр Эх нялхаст амаржихаар хэвтэхэд, өглөөний 8 цагт үзлэг хийсэн эмчийн алдаанаас болж ус нь хагарч гадагшилсан гэж ярилаа. Тухайн үед эмчдээ хэлж кесар хагалгаа хийлгэхийг хүссэн ч "өмнөх жил өөрөөрөө төрсөн учир энэ удаад ч бас удалгүй өөрөөрөө төрөөрэй" гэжээ. Ураг зүгээр эсэхийг асуухад "Бид хянаж байгаа гэж хариулаад, өдөржин хуурай өвдсөн. Ингээд хариуцсан эмчийн ээлж солигдож, шөнийн 23 цагт кесар хагалгааны тусламжтай төржээ. Гэвч хүүхэд нь гарахдаа огт уйлаагүй төдийгүй, царай, бие нь хөхөрчихсөн байсан" гэжТ.Цэцэгбаяр хэлсэн юм.
ЭМЧИЛГЭЭНИЙ 110 САЯ ТӨГРӨГ БҮРДЧИХВЭЛ ИРЭХ НАМАР ХҮҮ МИНЬ СУРГУУЛЬД ОРНО
"Хүчилтөрөгчийн аппаратад тэр шөнөдөө хоночихоод маргааш нь ч мөн адил хөхөрсөн улаан царайтай байсан. Багадаа ямар нэг зүйл анзаарагдахгүй, мэдэгдэхгүй байлаа. 5-6 сартай болоход эргэж хөрвөөхгүй чангараад байхаар нь үзүүлэхэд, саажилттай болсон байна шүү дээ" гэдэг хариу сонссон. Бидэнд яваагүй газар байхгүй. Зарим эмч нар шууд хүүхэд чинь насаараа хэвтэрт байна ч гэж хэлж байсан. Зундаа рашаан, бариа, хөдөлгөөн засал сайн гэсэн болгон руу явдаг. Харин өнгөрсөн долоо хоногт аз таарч, "Энэтхэгээс ирсэн эмчид үзүүлэхэд, миний хүүг бүрэн эдгэрч хөл дээрээ зогсох боломжтой гэсэн сайхан мэдээ дуулгасан. Түүнээс хойш бид ах, дүү найз нөхдийнхөө хүрээнд 8 сая төгрөг цуглуулаад байна. Гэсэн ч нийт эмчилгээний зардал 110 сая. Босоод явах боломжтой гээд хэлчихсэн чинь зүгээр суугаад байж чаддаггүй юм байна. Яаж ч байсан хүүгийнхээ төлөө гуйлга гуйж байгаад ч хамаагүй босгочихмоор санагдаад байна" гэв.
Эмчилгээ хийлгэх боломжтой хугацаа 4-8 насанд байдаг байна. 10-аас дээш настай болоод хүүхэд томорчихвол, эмчилгээ авах боломж буурдаг гэдгийг эмч сануулжээ. Одоо Б.Өнөмөнх хүү таван настай. Ирэх намар сургуульд орно. Хүүгийн хувьд эмчилгээ хийлгэхэд цаг хугацаа маш давчуу байгаа юм.
Т.Цэцэгбаяр "Цонх руу хараад л, гадаа тоглоё, ээж ээ гэхээр нь гаргадаг юм. Хүүхдүүд хэсэг тойрч гүйж байгаад л холдоод явчихдаг. Араас нь найзуудаа хамт тоглоё л доо гээд л үлддэг. Бид хоёр Энэтхэгт эмчлүүлэх боломжтой гэсэн хариу сонсчихоод л Энэтхэг рүү ямар ч байсан зориглоод явъя. Хоёулаа эмчлүүлье" гэж яриад сууж байсан юм. Гарч бие засаад ороод ирэхэд миний хүү хэвтчихсэн, хаалга руу явж байсан. "Миний хүү хаачих нь вэ?" гэсэн чинь "Би Энэтхэг явлаа" гэсэн. "Миний хүү Энэтхэг явж яах гэж байгаа юм" гэхэд "Би явдаг болоод, найзуудтайгаа тогломоор байна" гэж хэлэхэд өр өвдсөн. Хүүгээ л босгочихвол бидэнд өөр хүсэх юм юу ч байхгүй. Хэдий ойр тойрныхон маань бидэнд тусалж байгаа ч 110 сая төгрөг бол дэндүү хол сонсогдож байна. Иймээс Монголын сайхан сэтгэлт ард түмэн та бүхнээсээ хүүг минь хөл дээрээ босоход нь тусалж, тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ гуйж байна" гэж хэллээ.
Б.Өнөмөнх хүүгийн хувьд ухаан санаа эрүүл саруул. Тэрбээр ирэх намар сургуульд орж, ах, дүү хоёртойгоо гадаа хамтдаа тоглохыг маш ихээр хүсэж буйгаа бидэнд хэлсэн юм. Одоогоор эмчилгээний зардлын гуравны нэг нь ч бүрдээгүй байгаа тул бяцхан хүүд сэтгэлийн хандив өргөж, хөл дээрээ босоход нь туслахыг Л.Батбаярын гэр бүлээс чин сэтгэлээсээ хүссэн юм.