"Монгол улс энэ онд зөвхөн зээлийн хүүндээ л гэхэд 1,2 их наяд төгрөг төлж байна. Энэ байдлаараа төсвийн алдагдлаа бууруулж чадахгүй ажиллаад байвал, 2030 он гэхэд Монголдоо амьдрах боломжгүй хөөгдөхөд хүрнэ" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрбээр "2030 он гэхэд бид Монголоос хөөгдөж, эх орондоо амьдарч чадахгүй байдалтай болно. Өрийн тойрогт орсон байна гэж хэлэх гээд байна. Би үүнийг олон удаа анхааруулж байгаа. Өрийн удирдлагын стратегитэй болно. Бондыг бондоор нь төлнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг хэлж байхад шүүмжилж байсан. Бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар байгаад сагсан бөмбөгийн онол шиг, эргэлдэх тусам өр нэмэгдсээр байх байдал бидэнтэй нүүр тулаад байна. 2011 онд манайх 9,6 тэрбум долларын өртэй байсан юм билээ. Энэ өр ингэж явсаар 2030 онд 40 тэрбум долларт хүрнэ. Одоо 30 тэрбум долларын өртэй болсон.
Улсын өр, Засгийн газрын өр гэж манайхан ялгаад байдаг. Төлбөрийн тэнцлээр эцэстээ Монголоос л валют гарна шүү дээ. Тэр дотроо өөрсдийгөө бүр ялгаад аргалдаг болчихсон байгаа юм. Энэ байдал л биднийг хуурч, өрийн хавханд оруулж байна. Нийгмийн даатгалын сангийн өр гэхэд 2030 онд 16 их наяд төгрөгт хүрэх тооцоотой байна. Экспорт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж төсвийн алдагдлаа бууруулах, өрөөс салах бодлогоо тууштай хэрэгжүүлэх, стратегийн бодлого дээрээ одоо анхаарахгүй бол болохгүй нь.
2011 онд манай улс 9,6 тэрбум долларын өртэй ч гэсэн 37 тэрбумыг зээлийн хүүнд төлж байсан. Одоо зээлийн хүүнд 1,2 их наяд төлж байгаа. 2016 онд 947 тэрбумыг төлж байсан. Төсвийн алдагдлыг багасгаж чөтгөрийн тойргоос гарахгүй бол болохгүй нь. Дэлхийд байхгүй үнэ цэнээр тооцдог байж болохгүй.
Бид үүнийг нууж хаагаад яваад байж болохгүй. Тоонуудаа үнэн бодитой ярьж байж шийдэгдэх асуудал. Би Монголоос ирээдүйд хөөгдөж явахгүйн тулд үүнийг ярьж байна. “Та нар өрөнд баригдчихсан шүү дээ, хулгайч аа” гэж хэлүүлэхгүйн тулд анхааруулж байна гэсэн үг" гэв.