СУРТАЛЧИЛГАА
Ардчилсан нам гурав дахь зунаа удирдлагагүй мэт өнгөрүүлж байна. Ардчилсан намын 117000 гишүүн саналаа өгч 113000 хүний саналаар сонгогдсон намын даргаа Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүлээлгэн өгсөн. Бид Дээд шүүх дээр ямар нэгэн хэрэг маргаан хянан шийдвэрлүүлэхээр баримт бичиг өгөөгүй ээ. Бид Ардчилсан намын ямар нэг гэм бурууг Дээд шүүхээр шүүлгэх гэж ирээгүй. Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж улс төрийн намын тухай хуулийн дагуу Ардчилсан намын дүрэм журамд заагдсан сонгууль хийж намын Их хурлаараа батламжлагдсан хүнээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд удаа дараа хандсан.
Өмнө нь та бүхний мэдэж байгаачлан намын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандсан. Үүн дээр Дээд шүүхийн зүгээс бидэнд материалыг буцаан өгсөн. Бид өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж шүүхийн үйл явцыг тайван замаар ажиглаж ирсэн. Өнөөдөр Ардчилсан намын гишүүд итгэл алдарч өөрсдийн итгэл үнэмшлээрээ намын даргынхаа бүртгэлд санаа зовсон гишүүд ирж оролцож байна. Өнөөдрийн жагсаал цуглаан маш тайван замаар явагдаж байна. Бид шүүхийн шийдвэр, процесст ямар нэгэн замаар нөлөө үзүүлэхгүй. Бид ямар нэг нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэхгүй. Тайван суултыг хийж байна. Хэн нэгний өдөөн хатгалгад өртөхгүйгээр намын гишүүд маань чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна.
Бид мөн нэгэн шаардлагыг Дээд шүүхийн тамгын газарт хүргүүлэхээр ирүүлж байна. Ардчилсан намын удирдлагаар С.Эрдэнэ байгаа мэтээр аяглаж ирлээ. Үүний үр дагавар нь эдийн засгийн гэмт хэрэг, хууран мэхлэлт гэх мэт гэмт хэргийн шинжүүдийг агуулсан үйлдлүүд гарах болсон. Үүний тулд бид УДШ-д Ардчилсан намын даргын бүртгэлийг гэрчилгээнд тэмдэглэл хийхийг шаардсан бичгийг оруулж өгч байна.
УДШ-ийн 2021.01.14-ны өдрийн 04 тоот тогтоолоор Ардчилсан намын даргын бүртгэлээс С.Эрдэнийг хассан байгаа. Цахим мэдээллийн санд ч С.Эрдэнэ гэж хүн хасагдсан байгаа. Улсын бүртгэлийн тухай хуульд цахим мэдээллийн сан цаасан хэлбэртэйгээ нийцэж байна гэж заасан байгаа. Өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан учраас ҮХЦ-д хандсан мөн АТГ-т хандах болно.
АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнжаргал