Ардчилсан намын даргаар сонгогдоод буй Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлээд буй. Улсын дээд шүүх түүний хүсэлтийг маргааш шийдвэрлэнэ. Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна гэж АН-ын удирдлагын зөвлөлөөс мэдээллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээс уучлал гуймаар байна. 2020 оны сонгуулиар 11-үүлээ орж ирсэн боловч албан тушаал хөөсөн зарим улс төрчид бүлгээс гарсан. Ардчилсан намын бүлгийн дарга ямар ч эрх ямба эдэлдэггүй гэдгийг хэлмээр байна. Авлига, албан тушаалын эсрэг тэмцэх, сөрөн зогсох ганц хүчин бол Ардчилсан нам. Түүн дотор УИХ дахь АН-ын бүлэг. Нэг хүнийг албан тушаалд хүргэхгүй бол зулын гал болно хэмээн Улсын дээд шүүхийн гадаа жагсаж байна. Эрх баригчид энэ асуудлыг даруй шалгах хэрэгтэй.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Х.Баттулга АН-ыг төлөөлөх, тус намын үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй. Яагаад гэвэл тэр хүн намын үзэл баримтлалаасаа урвасан. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан. Х.Баттулга шүүх хараат бус байх үзлийг уландаа гишгэсэн. Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Үзэл баримтлалаасаа урвасан хүнийг Дээд шүүх бүртгэхгүй. Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл Үндсэн хуулийн хямрал үүснэ. Х.Баттулга Үндсэн хуулийн хямралыг хүсэж байгаа гэж бодож байна. Х.Баттулгын гутамшигт гурван урвалт бий бөгөөд үүнийг бид хэрхэвч хүлээн авч чадахгүй.
Түүнчлэн АН-ын дарга М.Тулгат "Монгол Улс Х.Баттулга гэдэг эрх хүүхэдтэй болчихлоо. Гурван сая монголчууд энэ хүнийг эрхлүүлэхийн тулд дахин албан тушаалд аваачих үүрэг хүлээгээгүй" хэмээн мэдэгдлээ.