Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” компани нь бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг, шалгалт оруулдаггүй тул картыг нь хэрэглээнээс хална" гэж өчигдөр ярьсан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар смарт карт” компаниас хэвлэлийн хурал хийлээ.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнесийн хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд "Манай компани нийслэлийн нийтийн тээврийн удирдлага мэдээлэл болон цахим төлбөрийн системийн төслийг хэрэгжүүлэгчээр ажилладаг. Долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн тээврийн салбарт бид технологийн дэвшил инновацыг нэвтрүүлснээр үйлчилгээний соёл чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоог ил тод болгож ирсэн. Ингэснээр өнгөрсөн хугацаанд Нийслэлийн төсөвт өссөн дүнгээр 212 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон.
Нийслэлийн засаг дарга мэдэгдэл хийхдээ "зардлын санхүүжилт өссөн, дата мэдээлэл нь БНСУ-д байдаг, шалгалт хийх боломжгүй" хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Эдгээр нь үнэн бодит байдалд нийцэхгүй.
Нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоо гурван хэсгээс бүрддэг. Үүнд, шугамын орлого буюу картаар төлсөн төлбөр, хөнгөлөлттэй зорчигчдын нөхөн олговор, зардлын санхүүжилт буюу орлого зардлын зөрүү санхүүжилт багтана. Зардлын санхүүжилтийг НИТХ-аас баталсны дагуу Нийслэлийн тээврийн газраас автобус компаниудын гүйцэтгэлийг нь тооцоолоод журмынхаа дагуу олговол зохих ёстой санхүүжилтийг нь тооцоолж гаргадаг. Энэ зардлын санхүүжилт нь Улаанбаатар смарт карт компанийн дансаар огт дамжихгүйгээр, биднээс хамааралгүйгээр автобус компаниудад хуваарилагддаг. Тодруулбал зардлын санхүүжилт гэж 2016 онд 53.7 тэрбум байсан бол 2021 онд 106.6 тэрбум төгрөг болж өссөн. 2017 онд нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжсэн. Үүнээс хойш жолооч гар дээр бэлэн мөнгө авч, автобус компаниудын хариуцлага байхгүй болсон. Мөн хот орчмын тариф болон зайнаас хамаарсан журам мөрдөгдөөгүй. Мөн аж ахуй нэгж компаниудын ажлын гүйцэтгэлийг тооцохдоо машин цаг болон рэс буюу тойрог хийж буй шалгуурыг хангасан тохиолдолд олгох ёстой гэж заасан. Гэвч одоогийн байдлаар нийслэлийн тээврийн газраас энэ шалгуурыг мөрдүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн үйлчилгээнд гараанд зам дээр явсан цагийг нь үндэслэж олгож байгаа учраас зардлын санхүүжилт өсөөд байгаа юм. Рэс гүйцэтгэлийг нь шалгахгүй, шалгуурыг мөрдүүлэхгүй байгаа учраас иргэд автобус хүлээгээд ирэхгүй байна. Гүйцэтгэл дутуу байгаа учраас зардлын санхүүжилт өсөөд байгаа юм. Мөн шугамын орлогыг бүрдүүлж чадахгүй байгаа нь зардлын санхүүжилт өсөхтэй холбоотой. Түүнчлэн маршрут төлөвлөлт нь оновчгүй хүртээмжгүй байгаагаас шалтгаалж байна.
Нийслэлийн зорчигч тээврийн бүхий л мэдээллүүд цугларсан. Манайд бүрдсэн дата мэдээллийг үндэслээд оновчтой хүртээмжтэй нийтийн тээврийг төлөвлөх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд манай өгөгдлийг ашиглаад нийтийн тээврийн төлөвлөлтөө гаргаач гэдэг хүсэлтийг гаргасаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт ч энэ асуудлаар уулзсан. Бид аль болох өгөхийг эрмэлздэг.
Өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагаанд нийслэл дэх төрийн аудит. нийслэлийн дотоод аудит, нийслэлийн засаг даргын тамгын газраас удаа дараа шалгасан. Тэдгээр шалгалтын үр дүнд манай компани ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй. Мөн 2021 оны арваннэгдүгээр сард хотын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай компани дээр бүрэн хэмжээний шалгалт оруулсан. Үүнд санхүү, төлбөр тооцооны систем, мэдээллийн аюулгүй байдал гээд бүх талаар шалгасан. Уг тайланг нийслэлийн удирдах зөвлөлийн хурал дээр танилцуулсан бөгөөд зөрчил илрээгүй. Мөн АТГ-аас шалгаж байсан. Бид өөрсдийн санаачилгаар шалгуулъя гээд хүсэлт гаргасан.
Мэдээллийн дата төв бүх зүйл нь Монголд буюу Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд байрладаг. Систем, дата төв нь Монголд байршиж байгаа учраас бид нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс дотоодын компаниудтай хамтран ажилласаар ирсэн. Мэдээллийг БНСУ руу явуулдаг гэдэг нь ташаа мэдээлэл юм.
Бид хотын даргыг эсэргүүцэхээс илүү нийтийн тээврийн хөгжлийг дараагийн түвшинд хүргэхээр эрмэлзэж байна. Хотын даргатай өнгөрсөн хугацаанд уулзах хүсэлт тавьсаар ирсэн хүлээж аваагүй" гэв.