Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тоо өсөх болов. Тухайлбал, энэ сарын 17-нд халдварын 77 тохиолдол бүртгэгдсэн бол өчигдөр 98 болж өссөн талаар ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Үүнтэй холбогдуулан бид Клиникийн профессор, ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас коронавируст халдвар өсөж байгаа эсэх асуудлаар тодрууллаа. Мөн манай улсад Японд бүртгэгдсэн ковидын шинэ төрөл халдварласан эсэхэд тайлбар авсан юм.
Тэрбээр "Бодит тоогоор халдварт өвчин ихэслээ, багаслаа гэж тооцоолох боломжгүй. Өөрөөр хэлбэл, тоо нэмэгдэж буй мэт харагдаж байгаа нь халдвар ихэсч байна гэсэн үг биш. Халдварын тархалтыг тооцоолох маш олон арга зүй бий. Үүнийг иргэд мэдээд байх шаардлагагүй. ДЭМБ-аас болон бидний судалгаагаар ч тэр халдварын тархалт ихсээгүй гэхэд болно. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар алаг цоог хэлбэрээр явж байгаа.
Харин Японд "ковид-19"-ийн шинэ төрлийн халдвар гарсан. Энэ нь манайд тархаж байна гэх мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл юм. Тиймээс иргэд авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах шаардлагатай байна” гэлээ.