“Эх орон чинь чамайг хүмүүжүүлж, эр хүн болгож байна” гээд хугацаат цэргийн алба хаагчдыг дарамталдаг асуудал өнөөдөр ч бугшсаар байгааг Хүний эрхийн Үндэсний комисс илтгэлдээ онцлов. Цэргүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг байснаа ярьсан нь энд хүний эрхийн зөрчил ямар түвшинд хүрснийг илтгэнэ.
…НАМАЙГ АШИГЛАЖ БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАДАГ БАЙСАН
Хүний эрхийн Үндэсний комиссын судалгаанд найман алба хаагч бэлгийн дарамтад өртсөнөө ярьжээ. Мөн хугацаат цэргийн алба хааж байсан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртөж байсан гэж хариулсан байна. Тодруулбал, цэргүүдийг бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр нь оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зөрчлүүд түгээмэл гардаг байна.
ТОХИОЛДОЛ 1:
“Зэвсэгт хүчин …”Бэлэг эртхэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан… Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан. (2017 онд цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)
ТОХИОЛДОЛ 2:
…Хилийн цэрэг… намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоолоо хий” гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон “Миний эм болно шүү. Тонгой” гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан. (Сум дундын …дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
Энэ мэтээр цэргийн алба хаасан иргэд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг байсан тухайгаа дурдсан байна. Бэлгийн хүчирхийлэл нь цэргийн алба хаагчдын хоорондын итгэлцэл, харилцаа, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, Хүний эрхийн ноцтой зөрчил болж байгааг Хүний эрхийн Үндэсний комисс Хүний эрх, эрх чөлөөний талаарх 21 дэх илтгэлдээ онцолсон байна.
ЗОДДОГ, ДАРАМТАЛДАГ… ӨНӨӨДӨР Ч ХЭВЭЭРЭЭ…
Өнөөдөр цэргийн алба хаасан таван хүн тутмын нэг нь дүрмийн бус харилцааны хохирогч болж байна. Тухайлбал, цэргийн алба хаагчдыг ялгаварлан гадуурхах, заналхийлж сүрдүүлэх, хүч хэрэглэн зодох, мөнгө, эд зүйл шаардах, доромжлох, хараах, нэр хоч өгөх, бусдаар зодуулах, дүрмийн бус шийтгэл хүлээлгэх тохиолдол байсаар л байна. Өөрөөр хэлбэл, цэргийн дарамт, харгислал хуучин цагтаа л үлдсэн, одоо байдал дээрдсэн гэж албаныхан тайлбарладаг ч бодит байдал дээр цэргийн алба хаагчдын эрх алхам тутамд зөрчигдсөөр байгааг эрх бүхий байгууллагын судалгаа харуулна.
Тохиолдол 1.
“2021 оны … дугаар сарын …ны өдөр унтлагын цаг болчихсон, бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч… нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. … алба хаагчийн элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар нь хөлөөрөө цохьсон. Талийгаач босож ирэхэд нь дахин нүүр рүү нь 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан… (Зэвсэгт хүчний …дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас…
Энэ мэтээр цэргийн алба хаагчдын эрхийг маш ноцтой зөрчих асуудал гарсаар байгааг Хүний эрхийн байгууллагаас анхааруулж байна. 2021 онд ХЭҮК-оос хийсэн судалгаагаар, цэргийн алба хаагчдын 18,8 хувь нь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45,1 хувь нь алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртжээ. 2006 онтой харьцуулахад энэ төрлийн зөрчил 11-20 хувиар буурсан дүнтэй байгаа ч асуудал шийдэгдээгүй, ужгирсан хэвээр байгааг дээрх баримтууд нотолж байна.
Бид залуусаа “эх орондоо хайртай иргэн болж төлөвшөөрэй гэдэг. Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирээрэй” гэж хүсдэг. Залуус ч үүргээ ухамсарлаж, цэргийн албанд морддог. Харамсалтай нь, очсоных нь хойно хүн биш мэт үздэг, балмад үйлдэл Зэвсэгт хүчний салбарт өнөө цагт ч байсаар л байна. Хэзээ Монгол төр, Монголын цэрэг арми ялзарсан гажуудлаа засаж, хүний эрхийн зөрчилд цэг тавих вэ?