Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийтийн тээвэр бол түгжрэлийг бууруулах нэг л асуудал. Цэвэрхэн, цагийн хуваарийн дагуу явдаг тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлэх хүсэлтийг иргэд ихээр тавьж байна. Тиймээс энэ зундаа багтаж наймдугаар сарын 20-ны дотор 590 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Парк шинэчлэл дээр 1,432 гэсэн тоо гарч байгаа. Үүний 50 хувийг нь энэ ондоо багтааж үйлчилгээнд нэвтрүүлэх юм. 420 тэрбум төгрөгөөс 60 орчим тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэл дээр тавьж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хот өөрөө зохицуулах боломжтой гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Түгжрэл бүх нийтийн асуудал болоод байна. Тохитой, дулаан, бүх шаардлагад нийцсэн интернэттэй автобусыг оруулж ирэхээр үйлдвэрлэгч талуудтай ярилцаж байгаа. Иргэд ч үүнийг хүсэж байна. Маршрутын зөв хуваарийг хийнэ. Мэдрэгчтэй төхөөрөмжийг 169 гэрэл дохион дээр суурилуулах ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Уг ажил наймдугаар сарын 20-нд дуусаад, есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын дижитал хэлбэрийн эхний ажлууд хийгдээд автобустай уялдах юм.
Түгжрэлийг бууруулахын тулд зөөлөн болон хатуу хүчний бодлого хэрэгтэй. Дугаар олголтоо хот өөрөө хийдэг байх ёстой. Датад суурилсан зохицуулалтад тулгуурлан түгжрэлийг шийднэ гэсэн байр суурьтай байна.
Дэлхийн бүх хотууд энэ бодлогыг баримтлан түгжрэлээ 25-50 хүртэлх хувиар бууруулсан. Олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байна" гэв.