Бямба гарагт Нью-Йоркийн Баффало хотын африк-америкчууд олноор оршин суудаг хорооллын зах дээр зэвсэгт этгээд 10 хүний аминд хүрсэн хэрэг гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийн улс дахь цагаан арьстны “давамгайлал"-ыг буруушаав.
Ерөнхийлөгч Байден мягмар гарагт Баффало хотод хохирогчдын ар гэрийнхэн, орон нутгийн албан тушаалтнууд болон анхны тусламж үзүүлэгчидтэй уулзахдаа "Америкийг хайрладаг мэт дүр эсгэдэг ч Америкийг ойлгодоггүй хүмүүс үзэн ядалт, айдсыг хэт их хүчилтөрөгчөөр хангаж байна" гэж хэлжээ. Тэрээр мөн “Бид дэлхийн түүхэн дэх хамгийн олон үндэстнээс бүрдсэн, хамгийн эрч хүчтэй үндэстэн. Одоо бүх үндэстэн ястны хүмүүс Америкчуудын дийлэнх нь болж, цагаан арьстны давуу байдлыг үгүйсгэх цаг болжээ" гэж хэлсэн байна.
18 настай цагаан арьст залуу Пэйтон Жендрон Нью-Йоркийн хөдөө тосгон дахь төрөлх хотоосоо 320 км (200 миль) зайд явж, муж улсын хоёр дахь том хот болох Баффало хотод ирж хар арьстнуудыг хөнөөсөн гэдгийг цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Гэмт хэрэгтэн Пэйтон Жендрон сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, хагас автомат бууныхаа амсар дээр N үсэг, цагаан захтны уриа лоозон болох "14" гэсэн тоог зурсан байсан гэнэ. Тэрээр хар арьстнууд болон еврейчүүдийн эсрэг хуйвалдааны үзэл баримтлалыг "орлуулах онол" гэж нэрлэсэн 180 хуудас бүхий тунхаг бичиж, видео тоглоомчдын дунд алдартай онлайн стриминг платформ болох Twitch дээр буудлагын эхний хоёр минутыг цацсан байжээ.
“Үзэн ядалтаас үүдэлтэй эдгээр халдлагууд, бидний харсан эдгээр үйлдэл нь үзэн ядагч цөөнхийн үзэл бодлыг илэрхийлж байна. Бид тэднийг Америкийн үнэт зүйлийг гуйвуулахыг зөвшөөрч болохгүй" гэж Ерөнхийлөгч Байден хэлээд бямба гарагт болсон олон нийтийн буудлагад хүргэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг "чөтгөрлөг" гэж нэрлэв.
Эх сурвалж: Аljazeera