Монголын уран бүтээлчид “73 цаг” жүжгийг англи хэлээр 10 гаруй орны театрын тайзнаа тоглох гэж байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
Жүжигчин Р.Анхням "Хүний амьдралд тохиолдож буй эргэлтүүд ганцхан хормоос шалтгаалдаг. Тэр нь цаашаа үргэлжилдэг байх. Манай жүжиг хүний амьдралд 73 цагийн дотор ямар эргэлтүүд хийж болох вэ гэдгийг харуулдаг. Театр бол амьдрал дээр байхгүй зүйлийг ч бий болгож, түүндээ хүмүүсийг итгүүлдэг. Кино бол монтаж хийгээд гаргадаг. Бид 1.50 минут иргэдтэйгээ тасралтгүй амьдаар харьцаж, нөхцөл байдлыг итгэж үнэмшүүлээд гаргах нь театрын гайхамшиг. Улс орон бүрийн амьдралыг хүлээн авах, ертөнцийг хүлээн авах үзэл нь өөр. Тиймээс Монгол иргэдийн сэтгэлгээ, зан чанар гадаад үзэгчдэд сонин байх болов уу гэж бодож байна. Гадаад иргэдийн санаанд буухгүй зүйлүүд манай жүжигт их бий" гэлээ.
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр "Монголын сор болсон уран бүтээлчид хамтарч ажиллах болсондоо их баяртай байна. Мэдээж алдаа дутагдал гарах байх. Гадаад хэлээр үндэстэнд нь очиж тоглоно. Маш их хичээж байгаа. Би Галаа гэж дүрийг бүтээж буй. Санамсаргүй учралаар нэгэн бүсгүйтэй танилцдаг. 73 цагийн дотор хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг гайхалтайгаар харуулсан уянгын драмын жүжиг байгаа. Та бүхэн үзээд мэдрэх байх. Хүний амьдрал санамсаргүй учралаар дүүрэн байдаг. 73 цагийн дотор хэрхэн өөрчлөгдөж, хэрхэн буцаж эргэлт хийж байгааг харуулах болно. Мундаг уран бүтээлчидтэй хамтарч байгаадаа баяртай байна" гэв.