Нийслэлийн Баянгол дүүргийн нэг болон гуравдугаар хороонд улсын бүү хэл, хувийн хэвшлийн цэцэрлэг, сургууль ч байдаггүй. 2019 онд Богд-Ар хороолол орчимд улсын цэцэрлэг барихаар хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн боловч өнөөдөр барилгын ажил нь талдаа ч ороогүй, зогссон байдалтай байна.
Хоёр давхар, 200 хүүхдийн цэцэрлэгийн тендерийг "Түмэн-Алт" компани авч, гүйцэтгэх ёстой. Ингээд 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох байсан цэцэрлэг ийн гурван жил тойрч буйд иргэд бухимдалтай байна.
ИРГЭД:
- Улсын цэцэрлэгт хүүхдээ өгье гэхээр сугалаанд таардаггүй. Манай дүүрэгт ямар ч цэцэрлэг байхгүй. Залуу гэр бүлүүд ажиллаж, амьдрахад хүндрэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхдүүд маань ямар ч сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжгүй болоод байна шүү дээ. Харин сургуулийн хувьд хүүхдүүд ихэвчлэн “Ган зам”-д явдаг. 20 дугаар сургуулийн нэг анги 45-48 хүүхэдтэй байдаг. Ширээнүүдээ шахчихсан. Хойно суудаг хүүхдүүд юм ойлгох нөхцөлгүй л юм билээ.
- 2019 онд тухайн цэцэрлэг баригдах газрын эрхийг Нийслэлийн боловсролын газар луу шилжүүлсэн юм. "Түмэн-Алт" гэх компани цэцэрлэгийн тендерт шалгараад ирсэн. Цэцэрлэг маань ашиглалтад орох хугацаанаасаа хэтрээд хоёр жил гаруй боллоо. Боловсролын газрын эзэмшил дээр цэцэрлэг барьж байхад, нэг ч хяналт ирээгүй. Хоёрхон давхар барилгыг гурван жил барилаа шүү дээ. Бид Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүсэлт хүргүүлэх гэж байна. “Төсвийн үлдсэн мөнгийг яаралтай гаргаад, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлэн 2022 оны ес дүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруул аа” гэдэг шаардлага. “Ард түмнийхээ төлөө ажиллана. Цэцэрлэг сургуулийнхаа асуудлыг нэн тэргүүнд тавина” гээд байдаг ярианаасаа хотын дарга ухарчихсан юм уу.
- Энэ байдлаараа тэр цэцэрлэг намар ашиглалтад орох ямар ч магадлал алга. Үүнийг бушуухан зохицуулаад , мэддэг нь мэдээд, шийддэг нь шийдээд ашиглалтад оруулчих юм сан гэж бодож байна.
Энэ асуудлаар бид гүйцэтгэгч "Түмэн-Алт" ХХК-ийн ерөнхий инженер Н.Энхбаяраас тодруулга авлаа.
Тэрбээр, “Газар чөлөөлөлтөд маш их хугацаа орсон. Ингэж явсаар ковид гээд ажил зогссон юм. Бараа материалын үнэ ч маш ихээр нэмэгдсэн шүү дээ. Одоо бол хоёр тэрбумдаа хүрэхгүй. Гэрээгээ шинэчилж, төсвөө нэмчихвэл ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэлээ.
Мөн бид Нийслэлийн Баянгол дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягтай уулзаж энэ асуудалд дүүргийн зүгээс хэрхэн оролцож, үр дүн гаргах боломжтой талаар лавлалаа.
Түүний хувьд энэ талаар ярихдаа, "Нэгэнт тендер нь эхэлчихсэн ажлуудыг яаралтай ажиллуулах, зохион байгуулах чиглэлээр манай Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс үе шаттай ажиллаж байгаа. Тухайн барилгын захиалагч нь Нийслэлийн боловсролын газар. Хяналт тавих газар нь мөн нийслэлээс байгаа учир бид хяналт хийх боломжгүй. Бидний хувьд хүсэлт тавьж ажиллаж байгаа” гэв