БНАСАУ-д Ковид-19-ийн халдвар авсан 15 хүн нас барж, 300 000 орчим хүнд "халуурах" шинж тэмдэг илэрчээ.
Тус улсад 800 000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. БНАСАУ-ын эрх баригчид Ковид-19 дэгдэлтийг зогсоох зорилгоор улс даяар хөл хорио тогтоосноос хойших дөрвөн хоногт нийт 42 хүн нас баржээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Умард Солонгосын эрх баригчид Ковид-19 дэгдэлттэй тэмцэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь эрүүл мэндийн тогтолцоо хангалтгүй, туршилтын боломж хязгаарлагдмал, вакцинжуулалтын хөтөлбөргүй тус улсыг вирус сүйрүүлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд буй.
БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг KCNA-ийн дамжуулснаар тахал өвчнийг хянахын тулд "түргэн шуурхай арга хэмжээ" авч байгаа ч Пхеньян олон улсын вакцины саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Улс орны бүх муж, хотууд бүхэлдээ хөл хорионд ороод байна. Тавдугаар сарын 12-ны өглөөнөөс эхлэн ажлын хэсэг, үйлдвэрлэлийн хэсэг, орон сууцны нэгжүүд хаагдаж, бүх иргэдийг хатуу, эрчимтэйгээр шалгаж байна”.
Удирдагч Ким Чен Ун "Ковид-19"-ийн тархалт нь улс орныг нь "үймээн самуун"-тай болгож байна гэж хэлээд цар тахлын дэгдэлтийг даван туулахын тулд бүгд тэмцэх хэрэгтэй хэмээн уриалсан юм.
Гэхдээ бүх нийтийн хөл хориог үл харгалзан Ким болон бусад өндөр албан тушаалтнууд бямба гарагт Кимийн эцэг Ким Чен Ирийн засаглалын үед төрийг тэргүүлж асан Ян Хён Сопыг оршуулах ёслолд оролцсон гэж KCNA мэдээлэв.
Цар тахлаар амиа алдагсдын "ихэнх" нь "Омикрон хувилбарын үл үзэгдэх вирусийн халдварын талаарх мэдлэг, ойлголт дутмаг, түүний эмчилгээний зөв аргын талаар мэдэхгүй, эм хэрэглэхдээ хайхрамжгүй хандсан" гэж БНАСАУ-ын Эрүүл мэндийн яамны тайланд дурджээ.
Эх сурвалж: The Guardian