Нью-Йоркийн Буффало хотод 18 настай залуу бямба гаригийн үдээс хойш хөл хөдөлгөөн ихтэй супермаркет руу орж гал нээжээ. Тэрбээр халдлагаа онлайнаар дамжуулахын тулд камер ашигласан гэж цагдаа нар мэдэгдсэн байна.
Холбооны мөрдөх товчооны Буффало дахь оффисыг хариуцсан агент Стивен Белонгиа хэвлэлийн бага хурал дээр "Бид энэ үйл явдлыг үзэн ядалтын гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэт даврагч үзлийн хэрэг гэж үзэж байна" гэж мэдэгдсэн юм.
Сэжигтэн хотын хар арьстнууд голчлон оршин суудаг хэсэгт хүрэхийн тулд хэдэн цаг машинаар явсан гэж таамаглаж байгаа аж. Сэжигтэн этгээд 13 хүн буудсан байна. Хохирогчдын дийлэнх нь хар арьстнууд байсан гэж Буффало хотын цагдаагийн комиссар Жозеф Грамаглиа мэдэгдлээ.
Гурван шархадсан хохирогч нь тус супермаркетад ажилладаг байсан, тэдний авсан шарх хөнгөн гэдгийг цагдаагийнхан хэлжээ.
Супермаркетад хамгаалагчаар ажиллаж байсан тэтгэвэртэй гарсан цагдаа сэжигтнийг буудах гэж оролдсон ч харамсалтай нь амиа алдсан байна.
Сэжигтэн винтов буугаар зэвсэглэж, хуяг дуулга, дуулга өмссөн байсан аж. Тэрбээр цагдаа нартай ширүүн тэмцэлдсэн гэнэ. Сэжигтэн залууг нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр буруутгаж байгаа бөгөөд бямба гаригт шүүх хурал болно гэж Эри дүүргийн прокурор Жон Флинн мэдэгдэв.
Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр халдлага үйлдэх үеэр уг этгээд арьс өнгөөр доромжилсон утгатай үгс хэлж хашхирсан гэжээ.
Буффало хотын дарга Байрон Браун хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол ямар ч нийгэмд тулгарч болох хамгийн аймшигтай хардарсан зүүд. Бид ийм үзэн ядалт агуулсан хүнийг манай нийгэм, улс орныг хуваан хагаралдуулахыг зөвшөөрч болохгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC News