Украины фолк рэп хамтлаг “Калуш оркестр” энэ жилийн Eurovision дууны тэмцээнд түрүүллээ. Европын улс орнуудын оролцогчдын дунд зохиогддог урлагийн наадамд Украинчууд гурав дахь удаагаа ялалт байгууллаа.
Италийн Турин хотноо болсон тус наадамд Украины хамтлагийн гоцлол дуучны зохиосон ээжийн тухай "Стефаниа" дуу нь гол өрсөлдөгчид болох Их Британи, Испанийн багийг ялах “түлхүүр” нь болжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш дайны хөлд нэрвэгдэж буй Украинчуудын хувьд Eurovision томоохон соёлын арга хэмжээ болсон бөгөөд үдэшлэгт оролцсон олон хүн Украины хөх, шар төрийн далбааг намируулж тэднийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан гэнэ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Инстаграм хуудсандаа “Калуш оркестр”-ын ялалтыг нийтэлж "Бидний эр зориг дэлхийг гайхшруулж, манай хөгжим Европыг байлдан дагуулж байна!" хэмээн бичжээ. Мөн тэрбээр өмнөх жилийн тэмцээний ялагч нь дараагийн тэмцээнийг зохион байгуулах эрх авна гэсэн дүрмийн талаар дурдаад "Ирэх жил Украин Eurovision-ыг зохион байгуулна! Түүхэндээ гурав дахь удаагаа гэсэн үг. Гэхдээ сүүлийнх нь биш гэдэгт би итгэлтэй байна. Бид хийх ёстой ажлаа хийнэ. Украины Мариуполь хотод "Eurovision"-д оролцогчид болон зочдыг нэг өдөр хүлээн авбал сайхан аа. Эрх чөлөө, амар амгалан дахин ирнэ!" гэж бичжээ.
Украин хэлээр бүх дуугаа дуулсан “Калуш оркестр” хамтлагийн нэрийг “зээлдсэн” баруун нутгийн Калуш хотдоо өнөөг хүртэл амьдардаг аж. Тус хамтлагийн гоцлол дуучин Олег Псюк CNN-ийн сэтгүүлчид "Биднийг ярьж байх үед манай улс, манай соёлд заналхийлж байгаа. Гэхдээ бид амьд, Украины соёл амьд, өвөрмөц, олон талтай, үзэсгэлэнтэй гэдгээ харуулахыг хүсэж байна" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CNN News