60 жилийн түүхтэй 29 дүгээр сургуулийн төгсөгчид өнөөдөр уншиж бичиж, өөрийгөө илэрхийлж чадахгүй, нийгмийн харилцаанд орж чадахгүй төгсөж байна.
Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт өөрөө тулгуур эрхтэний бэрхшээлтэй ч ганц бие охиныхоо сонсголгүй хүүг үрчлэн авч өсгөж буй иргэн Б.Алтанзул оролцлоо. Түүний хувьд 29 дүгээр сургуулийн боловсролын асуудал болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг хүнд хэцүү зүйлсийн талаар ярьсан юм.
-Танд өдрийн мэнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цэрэндэжидийн Алтанзул гэдэг. Одоогоор тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн группийн админ хийгээд нэг жилийн хугацааг өнгөрүүлээд явж байгаа. Би төрсөн нэг охинтой юм. Охиныхоо хүүхдийг үрчилж авсан. Шалтгаан нь нийгмийн ийм гажиг тогтолцооноос болсон гэж болно.
Миний охин мэдээж залуу хүн, хүнтэй сууна. Хүчирхийллээс үнэхээр айж, жигшиж байна.
-Хүүхдийн аав яасан юм бэ?
-Хүүхдийн аав Дарханд байдаг. Хүлээн зөвшөөрөөгүй. Монголд хариуцлага гэдэг зүйл ерөөсөө байхгүй. 120 мянган төгрөг аавыг орлох юм уу. Гэхдээ бид аавын тэтгэмж авч үзээгүй ээ.
Сэтгэл хөдлөлөөр хоёр хүн суугаад л, дундаасаа хүүхэдтэй болоод л, тэгээд юу ч болоогүй юм шиг хаяад явчихна. Ард нь тэр эмэгтэй юм уу, эмээ өвөө нь хүүхдийг аваад үлддэг.
-Хүү төрөлхийн сонсголгүй юу?
-Хүүгээ сонсголгүй гэдгийг нь хоёр настайд нь буюу 2012 онд мэдсэн. Эмчийн буруугаас болж харвалт өгөөд ийм болсон юм. Төрөлхийн гээд картан дээр бичээд өгчихсөн. Тийм болохоор ямар ч хариуцлага байхгүй.
Анх дурангийн суулгацын хагалгаа хийлгэх гээд их ч явсан. Тэр үед 24500 долларын үнэтэй байсан юм. Хүүдээ үнэхээр хийлгэчихвэл сонсож чаддаг болох болов уу гээд аргаа бараад шинжилгээ хийлгэж үзсэн. Элгээ ч юм уу бөөрөө ч юм уу донор болгоё гэж бодсон хэрэг. Гэтэл ганцхан дэлүү гэдэг эрхтэн маань л эрүүл байсан. Тэгж хүртэл боддог юм билээ эх хүн. Би Монгол коммент нэвтрүүлгийн Билэгээ Пүүжээ хоёрт хандаж байсан. Хандив цуглуулах гээд. Намайг тэгж гүйж явж байхад эх үрсийн элч дуучин гээд хүн хандивын тоглолт хийж өгчхөөд хамаг мөнгийг маань хамаад аваад явчихсан байдаг юм. Би таксины мөнгө аваад үлдэж байсан даа.
-Хүүхдийн хувьд нийгэмд өөрийгөө илэрхийлж чаддаг уу? Нийгмийн хандлага ямар байдаг вэ?
-Олон нийтийн газарт манай хүүхэд гаргаж байгаа авиагаа мэдэхгүй учраас эвгүй чимээ гаргах нь бий. Энэ үед хүмүүс цочих, цоргих, дөлөх зэргээр зайгаа барьдаг. Харж байгаа нь яг л ял хийчихсэн хүнийг ширтэж байгаа юм шиг. Хүү бид хоёрт их хүнд тусдаг.
Миний хүү хүүхэдтэй тоглохын тулд өөрийнхөө дугуйг өгчхөөд хөлс нь гараад л байшин тойроод гүйгээд байдаг юм. 10 настай хүүхэд, “эдний хүүхэд тэнэг шүү дээ” гэхэд надад хэлэх үг олдохгүй гэртээ орж ирээд уйлж байсан үе зөндөө байдаг. Хүү маань их ганцаардана. Очоод гулгуур дээр тоглох гэхээр, эцэг эхчүүд бушуухан хүүхдээ аваад явчихдаг. Энэ чинь халдварт өвчин биш шүү дээ.
-Та бүхэн хэдүүлээ амьдардаг юм бэ? Та өөрөө тулгуур эрхтэний бэрхшээлтэй хирнээ хүүгээ яаж асарч байна вэ?
-Манай нөхөр ажил хийж яваад л хулсны хачиганд хазуулаад л унадаг татдаг өвчтэй болчихсон группэд байдаг юм. Би өөрөө ч группэд байдаг. Харин хүүхэд маань асаргаанд байдаг.
Бид Улаанбаатарт яах гэж ирсэн бэ гэхээр хүүхдийнхээ боловсролд анхаарсан юм. Манай Сэлэнгэ аймагт яг тохирсон сургууль байтугай анги ч байхгүй. 330 мянган төгрөгөөр энэ пудволыг түрээсэлж амьдарч байна. Хүн юунд амьдарч байгаа нь сонин биш. Яаж амьдарч байгаа нь л чухал.
Одоо миний хүү 29 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байгаа. Миний хүүгийн хувьд уншаад байгаа. Уншсан зүйлийнхээ утгыг ойлгохгүй. Бичгээр өөрийгөө илэрхийлж чадахгүй. Манай хүүгийн ангид 7-9 хүүхэд байх ёстой байхад 14 хүүхэд байдаг. Үнэндээ би 4 дүгээр сарын 1-нд нээлттэй хаалганы өдрөөр очоод харахад, хүүхдэдээ хүрэхгүй байна билээ.
-2012 онд хүүхдүүд сургалтын хөтөлбөрөө эсэргүүцээд жагсаж байсан шүү дээ. Хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?
-Дохионы хэлний хичээлийг 7 хоногт ганцхан цаг оруулчихсан байгаа юм. 2017 онд 29 дүгээр сургуулийн төгсөх ангийн 12 хүү тэмцэл хийсэн. Тэр хүүхдүүд аман зүйг эсэргүүцээд байсан. Эсэргүүцлээ илэрхийлээд байхад яагаад сургалтын хөтөлбөрийг дахиад долоо хоногт нэг цаг оруулаад байгаа юм бэ. Би нурж унаж болохгүй. Ямар ч байсан хүүхдээ энэ нийгэмд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрүүлнэ гэж боддог. Маргааш би 29 дүгээр сургуулиас хүсэлтийнхээ хариуг авна. Тэгээд л сэтгэлд хүрэхгүй бол Боловсролын яамны гадаа очиж тэмцэл хийнэ.
-Таны хувьд хүүгийнхээ боловсрол анхаарч хотод ирсэн байна шүү дээ. Таны хүссэн боловсролыг өгч чадахгүй байна уу?
-Гурван сая монголчууд дохионы хэл бүгд сурах албагүй. 29 дүгээр сургуульд сурч байгаа хүүхдүүд, энэ бүтээгдэхүүнүүд үйлчилгээний газар ороод “Би үсээ угаалгамаар байна. Би үсээ ингэмээр байна” гэдэг болчхоосой ядаж. Би мэдээж мөнх биш шүү дээ. Хорвоогийн мөнх бусыг үзнэ. Ийм байхад хүү минь ядаж халамж дээр очоод өргөдлөө биччихдэг болоосой гэж бодох юм. Энэ тийм өндөр шаардлага биш шүү дээ.
-Таны сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн төлөө их дуугардаг гэж сонссон. Эцэг эхчүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?
-Хүүхдийнхээ бэрхшээлтэй л зууралдаад байх биш. Бэрхшээлийг бэлэг гэж бодоод ямар гарц гаргалгаа байна , хөгжих боломж юу байна гэдгийг илүү хайгаад явах хэрэгтэй. Японд гэхэд сонсголгүй хүмүүст маш давуу тал байгаад байгаа юм. Нэг зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлж чаддаг учраас IT чиглэлээр сургачихдаг юм байна. Тэгээд л том том компаниудаас захиалга ирээд л маш өндөр цалин хангамжтай. Сайхан амьдрах боломж байгаад байна.
Манай Монголд бол сургууль төгсөөд л ачигч хийлгэнэ. Тэр нь цалин мөнгийг нь өгөхгүй гэх мэт хэцүү зүйлүүд тулгараад байна. Би гэхэд хүүдээ оёдлын машин бэлдчихсэн байгаа.
-Сая хоёулаа хүүд тулгараад буй асуудлыг ярилаа. Танд нийгмийн харилцаанд ороход их зүйл хэцүү байдаг уу?
-Би өөрөө сая Сэлэнгэ явж байгаа юм. Гэртээ алхуулагчтай явдаг. Гадаа болохоор тэргэнцэр дээр явж байгаа. Вагонд ороход мөлхөж орж байгаа юм. Буухдаа бөгсөөрөө гулгаад л бууж байгаа юм. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүн хамгийн түрүүнд хаана хандах вэ? Эмнэлэг рүү л орно шүү дээ. Тэгэхэд налуу зам байхгүй. Нэг талаараа хүнээр түшүүлье гэхээр нөгөө талдаа бариул байхгүй. 00 орохоор тэргэнцэр багтахгүй. Яагаад жаахан сэтгэл гаргаж болдоггүй юм бол гэж боддог.
Гэвч би их өөдрөг хүн болохоор гутраад байдаггүй. Амьдрах шалтгаан зөндөө байгаа шүү дээ. Амьдралд бол буцаж няцахгүй.