Монголын Эмнести Интернэшнл "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайланг танилцууллаа.
Монголын Эмнести Интернэшнлийн мониторингийн багийн ахлагч Р.Очирбал "Цар тахал гарсан эхний үед хүний хувийн нууцыг задруулах, нийгмээс тусгаарлах зэрэг дутагдал гарч байсан. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь олон улсын уриалгатай харшилж байгаа юм.
Цагдаа нар аюулгүй байдлыг нь хангасан бол жагсагч руу гурил цацах тохиолдол гарахгүй байсан.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэхдээ төрийн чиг үүргийг нарийн тодорхойлох шаардлагатай. Жагсах цуглах эрхээ эдлэх гэж явсан иргэдийг голоос нь саатуулсан тохиолдол хэд хэдэн удаа гарлаа. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Ийнхүү иргэдийг саатуулахдаа цагдаагийн албан хаагчид дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, цагдаагийн машин нь тодорхой байх ёстой. Гэтэл хэн болох нь тодорхойгүй энгийн хувцастай, цагдаагийн машин мөн эсэх нь эргэлзээтэй хүмүүс иргэдийг саатуулах тохиолдлууд ч гарсан. Цагдаагийн байгууллага цар тахлын үед үйл ажиллагаагаа хэрхэн явуулах талаарх олон улсын аргачлал зөвлөмж бий. Уг үйл ажиллагаанд иргэний эрхийг хэрхэн хөндөхгүй байх талаар сайжруулах зүйлүүд байна.
Орон гэргүй иргэдийг түр байраар хангах буюу зарим хамгаалах төвүүдэд байлгасан. Энэ үед хүч албадлага хэрэглэх тохиолдол гарсан. Цаашид стандартыг баримтлах, хүний эрхийг дээдлэх талаарх асуудлыг бид гаргаж тавьж байгаа" гэв.
Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа "Манай байгууллагаас дөрвөн багц асуудлын хүрээнд цагдаагийн байгууллага болон хүний эрхийн асуудлаар ажилладаг байгууллагуудад олон зөвлөмжийг хүргүүлж байгаа. Цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээллүүдэд хийсэн дүн шинжилгээг танилцуулж байна. Энэ нь 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны арванхоёрдугаар сар хүртэлх судалгаа юм.
Гамшгийн үеийн хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, Жагсаал цуглаанд хийх журмын тухай хуульд олон улсын хэм хэмжээ, үзэл бодлоо илэрхийлэх талаарх хуулийн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Хямралт нөхцөл байдлын үед хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтныг ял завшуулахгүйгээр хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох зөвлөмжийг гаргасан. Бид олон эх сурвалжаар судалгаагаа баталгаажуулсан. Энд мэдээлээгүй олон мэдээлэл цуглаад байгаа" гэлээ.