Леонид Плиатс болон түүний даргыг Оросын цэргүүд нуруу руу нь буудаж хороож буй нь хяналтын камерт тодорхой бөгөөд аймшигтайгаар дүрслэгджээ. Хяналтын камерын уг дүрс бичлэгийг одоо Украины прокурорууд дайны гэмт хэрэг хэмээн сэжиглэн шалгаж байна.
Энэ бол Киевийн эргэн тойронд тулалдааны оргил үед Оросын цэргүүд зэвсэггүй хоёр Украин иргэнийг буудаж, дараа нь байрнаас эд хэрэглэлийг нь дээрэмдэж байгаа нь дүрс бичлэгт тодорхой бичигдэн үлджээ.
BBC-ийн үйл явдлын бүх дарааллыг нэгтгэн, эргэн тойрон дахь олон хяналтын камерт бичигдсэн зүйлийг Леонидын тэр өдөр утсаар ярьсан хүмүүс болон түүнийг аврахыг оролдсон Украины сайн дурын дайчдын мэдүүлэгтэй нэгтгэн нийтэлжээ.
Тухайн өдөр болсон үйл явдлыг сийрүүлбэл,
Оросууд Оросын армийн ашигладаг V тэмдэгтэй, хар будгаар "Танк Спецназ" гэсэн бичигтэй хулгайлагдсан фургон машинтай ирэв. Цэргийн дүрэмт хувцсыг өмссөн цэргүүдийг хашаанд нэвтрэхэд хамгаалалтын албаны өрөөнөөс гарч очсон Леонид зэвсэггүй, ямар ч аюул занал учруулахгүй гэдгээ харуулахын тулд гараа дээш өргөөд цэргүүд рүү алхав. Оросууд эхлээд түүнтэй болон түүний даргатай хашааны завсраар ярьж буй нь харагдана. Хяналтын камер аудио бичлэггүй учраас эрчүүд тайван ярилцаж, бүр тамхи татаж байгаа нь л харагдах аж. Дараа нь украин эргэж яван, орос цэргүүд ч мөн цаашаа явна.
Гэнэт 2 орос цэрэг украин эрсийн араас олон удаа буудаж, тэд унаж байгаа нь бичигджээ.
Нэг нь тэр дороо амьсгал хураасан бол Леонид гэх украин эр буудуулсан гуяа бүсээрээ боож, тусламж дууджээ. Хохирогчдыг зам дээр цус алдан хэвтэж байх үед Оросын цэргүүд хамгаалалтын өрөө рүү нэвтэрчээ.
Хяналтын камерт бичигдсэнээр орос цэргүүд өрөө рүү буудаж, дугуй, скутер хулгайлж, захирлын өрөөнд орж виски ууж, шүүгээнүүдийг нь онгичиж байгаа нь мөн бичигдсэн аж.
Энгийн хоёр иргэний аллагад буруутай хүмүүсийн эсрэг хангалттай нотлох баримт байгаа бөгөөд хяналтын камерын видео бичлэгийг нарийвчлан судлахад алуурчдын нэг гэж үзэж буй орос цэрэг нүүрээ ил гаргасан байдалтай, царай нь тод гарсан нь нотлох баримт болох аж.
Украины Прокурорын газар Леонид болон түүний хамтран зүтгэгчийг хөнөөсөн хэргийг дайны гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байгаа гэдгээ баталж байгаа юм. Энэ хэрэг тэдний бүртгэсэн 10 000 гаруй хэргийн нэг нь болж байна.
"Аав маань ерөөсөө цэргийн хүн байгаагүй. Тэр тэтгэврийн хүн байсан. Тэд 65 настай хүнийг яах гэж буудаж байгаа юм бэ?" Леонидын охин Юлия Андрощук BBC-ийн сэтгүүлчид хэлжээ. Юлия дайнаас болж гадагш дүрвэсэн учраас аавыгаа оршуулж ч амжаагүй байгаа гэнэ.
"Би уй гашуу, айдаст автсан. Хараал идсэн Оросууд хяналтаас гарч байгаа нь, дараа нь юу хийх бол гэхээс айж байна" гэж Юлия хэлжээ.
Эх сурвалж: BBC