УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг Засгийн газраас хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд зааснаар арилжааны банкууд ирэх зургаадугаар сард нээлттэй хувьцаа гаргаж борлуулж эхлэх байсныг нэг жилээр сунгах, өөрөөр хэлбэл банкуудын IPO-г 2023 оны зургаадугаар сар болтол сунгах юм. Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Миний хувьд төслийг дэмжиж байна. Банкны тухай хууль зөв байсан, компанийн засаглал сайжрах, олон нийтийн хяналтыг банкинд нэвтрүүлэх гээд давуу тал үүснэ. Бүр больё гээгүй, хугацааг нэг жилээр сунгая гэж байна. Өнөөдөр эдийн засаг биднээс хамаарахгүйгээр хүндрэх нөхцөл байдал үүслээ. Олон улсын банк, санхүүгээс өгсөн зөвлөмжийг хэдийгээр бүрэн зөвшөөрөхгүй ч дүгнэлт хийх ёстой. Дотоодынхоо банкуудыг хамгаалж, валютын урсгалаа нэмэх талд ажилламаар байна. Ядаж Оюутолгойн хөрөнгө оруулагчид уул уурхайн баялгаас олсон мөнгөө дотоодын банкаар дамждаг байх хэрэгтэй.
Энэ асуудалтай холбогдуулаад валютын нөөц бүрдүүлэх, банк санхүүгийн салбарыг шинэчлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гаднын банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирэх нь чухал. Би энэ талаар чуулганы хуралдаан дээр олон дахин хэлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч хүн хөрөнгөө оруулж ирэхээргүй байна” гэв.