Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Бид энэ хуулийн төслийг батлуулах гэж их юм болж байсан. Банкны реформтой холбоотой хуулийн төслийг олон жил дарж байсныг маш их хэл ам болж байж батлуулсан. Гэтэл арай гэж батлуулсан хуулийг жилийн дараа хойшлуулах гэж байгаа нь зохимжгүй байна. Үүнийг зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ. Бид үүнийг заавал хийх ёстой. Янз бүрийн олон улсын байгууллага, цар тахал, хил гааль гэдэг шалтгаанаар банкны IPO хийх процессыг зогсоож болохгүй.
Энэ банкуудын өөрийн хөрөнгө нь 2021 оны эцсийн байдлаар хангалттай 15 хувь, хөрвөх чадвар нь 41 хувьтай байгаа. Системийн ач холбогдолтой таван том банк 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Энэ нь цар тахалтай, эдийн засаг хүндрэлтэй байх үеийн тооцоо. Ийм ашигтай ажилласан.
Банкууд өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байхад яагаад бүтэн жилээр хойшлуулж байна вэ. Би 1-2 банкны лобби орсон байна гэж хардаж байна. Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй лобби орсон гэж харж байна" гэж хэлсэн юм.