
Пхеньянд BA.2 дэд хувилбар илэрсний дараа БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "хамгийн том, онцгой байдлын тохиолдол" хэмээн мэдээлэв.
Тус улс ийнхүү КОВИД-19-ийн анхны тохиолдлоо баталгаажуулсан нь дэлхийн цорын ганц вакцинд хамрагдаагүй орны нэг болохынхоо хувьд “хүмүүнлэгийн хямрал” тохиолдох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Умард Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг (KCNA) пүрэв гарагт мэдээлснээр, эрх баригчид халдварлах чадвар өндөр Омикроны дэд хувилбар болох BA.2 Пхеньяны оршин суугчдаас илрүүлсэн бөгөөд батлагдсан тохиолдлын тоог дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.
“Энэ бол 2020 оны хоёрдугаар сараас хойших, сүүлийн хоёр жил гурван сарын хугацаанд манай улсын онцгой байдлын “хорио цээрийн фронт цоорхойтой” болсныг харуулсан, улс орны хэмжээнд тохиолдсон хамгийн том, онцгой осол юм" гэж тус улсын телевизээр мэдээлжээ.
2020 оны 1-р сард хилээ битүүмжилсэн Умард Солонгос улс нь Ковид-19-ийн дэгдэлтийг мэдээлээгүй дэлхийн цөөхөн орны нэг байсан. Шинжээчид тус улс Хятадтай урт, сүвэрхэг хуурай газартай хиллэдэг учраас албан ёсоор мэдээлсэн тоо баримтад нь эргэлзсээр ирсэн юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар Пхеньян дэгдэлтийг олон нийтэд хүлээн зөвшөөрч байгаа нь нөхцөл байдал хүнд байгаагийн шинж боловч удирдагч Ким Чен Ун гаднаас тусламж авахгүй байх магадлалтай.
Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Исли “Умард Солонгос дотоодын сорилт, олон улсын тусгаарлалтаа зохицуулах тодорхой бус үе рүү орж байна. Кимийн дэглэм бардам зангаа залгиж, вакцин, эмчилгээний хандивыг яаралтай хайж олохыг зөвлөж байна" гэж Aljazeera-ийн сэтгүүлчид хэлжээ.
Эх сурвалж: aljazeera